sonin.mn

Хэнтий аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын /ДЗОУБ/ “Бор-Өндөр 2” ОНХХөтөлбөртэй хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэмжих” ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтад аймгийн ажлын хэсгийн гишүүд, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, сумдын эх, хүүхдийн ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл /сумдын ЗДТГ-ын дарга нар, ЗДТГ-ын нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч нар/ зэрэг 80 гаруй хүн оролцож, өөрсдийн туршлага, мэдээллээ солилцож цаашид хамтран ажиллах чиглэлээр санал бодлоо солилцсон юм.

Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Аймгийн ЗДТГ-ын НХХ дарга Ш.Жавхлан, аймгийн “Эх, хүүхдийн ажлын хэсэг”-ийн дарга,“Бор-Өндөр-2” ОНХХ-ийн зохицуулагч Г.Жаргалбат, Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд нар оролцож, нээж үг хэллээ.

“Бага насны хүүхдийн осол гэмтлийн өнөөгийн байдал, хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, эцэг эхчүүдэд хийх сургалт, сурталчилгаа”, “Бусад аймгуудын Эх, хүүхдийн жилээр хийсэн ажлын туршлага” зэрэг сэдвүүдээр ЭМГ-ын мэргэжилтнүүд, эмч нар мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх уулзалтад ДЗОУБ-ын эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уранчимэг урилгаар ирж, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл”-ийн талаар танилцуулга хийсэн байна. Хөтөлбөрийн дагуу сумдын “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын талаарх танилцуулгыг хийлгэн харилцан туршлага судаллаа.

Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа, орон нутгийн дэмжлэгт удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, Бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, Бага насны хүүхдийн осол гэмтлэс сэргийлэх зэрэг сэдвүүдээр бүлгийн ажил хийж, бүлгийн ажлын хэлэлцүүлэг өрнүүлэн, санал дүгнэлт гаргаж, эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх зөвлөмжийг боловсруулжээ.

Зөвлөгөөний төгсгөлд “Эх, хүүхдийн шилдэг ажлын хэсэг” шалгаруулахад Баян-Овоо, Бэрх, Норовлин сумдууд эхний байр эзэлж шагнагдлаа.