sonin.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаанаас "Эзэн-100" хөтөлбөрт өгч буй үнэлэлт дүгнэлт, түүнчлэн төсвийн бүрдүүлэлтийн талаар тодруулав.

 -Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт төсвийн тогтвортой байдал өсөн нэмэгдсэн үү?
-Үр дүн гарсан гэж бодож байна. Цаашдаа ч гарна. Энэ хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх, ялангуяа хувийн хэвшил, бизнесийн салбарыг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авсан. Сангийн яам 12 хууль батлуулж, 3 тогтоол гаргалаа. Энэ бүхэн бүрэн утгаараа хэрэгжээд  эхэлсэн. Цаашдаа  энэ бүхэн эргээд үр дүнгээ өгч Монголын эдийн засгийн эрчимжилт нэмэгдэнэ.

Сүүлийн 2 сард гэхэд  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзүүлсэн татварын хөнгөлөлтийн хэмжээ урьд жилийн мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн. Энэ бүхнээс харахад жижиг дунд үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө 2 дахин нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөтгөх арга хэмжээ авсан гэсэн үг. Энэ мэт шийдсэн ажлууд  цаашид үр дүнгээ өгнө.

-8 дугаар сарын байдлаар төсвийн тасалдал хэдэн хувьтай гарав? Өмнөх 2 улиралтай харьцуулахад ямар байдалтай дүн гарч байна вэ?
-Эхний 8 сарын байдлаар улсын төсвийн орлогын бүрдүүлэлт 80 гаруй хувьтай байна. Төсвийн орлого бодитой шалтгаанаар тасалдаж байгаа. Төсвийн тасалдлыг нөхөх бүхий л бололцоотой арга хэмжээг авч байна.

Хамгийн гол нь хуулийн хүрээнд бизнесийн салбарынханд дарамт учруулахгүйгээр  хуулийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоог нь ханган ажиллаж байна.

-Төсвийн алдагдлыг тоогоор илэрхийлвэл?
-400 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын тасалдал гарсан.

-Оны эцэст ямар байдалтай байх бол?
-Оны эцэст энэ тасалдлыг бид нөхөж чадахгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, хоёр хөршийн маань гадаад худалдааны идэвхжил төдийлөн сайн болоогүй байна.

Тиймээс үлдэж байгаа хугацаанд энэ хэмжээний орлогыг нөхөж чадахгүй. Энэ бол бодитой байдал. Харин гарч болох тасалдлыг бага байлгахад л анхаарч байна. Ер нь 10 дугаар сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болно.

-Томоохон тасалдаж байгаа орлого юу вэ?
-Гол нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогууд тасалдаж байгаа. Үүнийг дагаад Аж ахуй нэгжийн орлогын албан татвар тасалдаж байна.

-Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Зарлага дээр ахьсан үзүүлэлт гарсан уу?
-Үүнийг шийдвэр гарсны дараа дүгнэх хэрэгтэй.

-Яамдын тоог цөөлөх,  ялангуяа Эдийн засгийн яамыг танай яамтай хамтатгах тухай яриа байна. Энэ хэр бодитой вэ?
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхэд хамаардаг асуудал. УИХ-д энэ асуудлыг зөвхөн Ерөнхий сайд өөрөө боловсруулж оруулдаг. Тиймээс урьдчилж элдэв таамаг хэлэх нь цуурхал тараасан хэрэг болно.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг