sonin.mn

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулж байгаад хяналт, үнэлгээ хийхийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 121 дугаар тушаалаар баталсан.

 Уг тушаалаар Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Дэмжлэгт хяналт”-ыг орон даяар хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал, эхний ээлжийн хяналтыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хяналт үнэлгээ хийж, тушаалын хавсралтаар батлагдсан шалгаруудын дагуу хийсэн үнэлгээний дүнгээ Эрүүл мэндийн яаманд ирүүлэх учиртай. Нэгдүгээр шатны уг хяналтыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд 2014 оны 04 дүгээр сарын 25-наас 06 дугаар сарын 15-ны дотор хийж, дүгнэлтээ хэдийнэ ирүүлсэн байна.

Тэгвэл өнгөрөгч 08 дугаар сараас Эрүүл мэндийн сайдын нэрэмжит дэмжлэгт хяналтыг зохион байгуулах хорооноос томилогдсон багийн гишүүд эрүүл мэндийн байгууллагуудаар хоёр дахь шатны дэмжлэгт хяналтаа хийгээд эхэлжээ.

Энэ удаагийн хяналтаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, тушаал, шийдвэрийн биелэлт, тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийн хэрэгжилт, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, “сэтгэлд шингэсэн найман үйлчилгээ”-ний хэрэгжилтийг үнэлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судлах ажээ.

Батлагдсан тусгай хуваарийн дагуу хийх хоёр дахь шатны хяналтын явц 2014 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Мөн дэмжлэгт хяналт хийх багийн гишүүд зөвхөн хяналт, үнэлгээ хийгээд зогсохгүй тухайн эрүүл мэндийн байгууллагад тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудад мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгч, цаг алдалгүй шийдвэрлэх ажээ.