sonin.mn

Монфемент үндэсний сүлжээ Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Жендерийн үндэсний хороотой хамтран “Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2014.09.18/Төрийн ордонд зохион байгуулж байна. Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, хэдийгээр манай улсын хувьд нөхөн үржихүйн эрүүл мэнд түүнд холбогдох эрхүүдийн талаарх хууль эрх зүйн орчин  хүртээмжтэй байгаа боловч баталсан мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтуудаа амьдрал дээр хэрэгжүүлэх нь дутмаг байна. Жишээлбэл, эхийн эндэгдлийн 75 хувь нь малчин өрхүүд, бүртгэл хаяггүй шилжин ирэгсэд болон ажилгүй эмэгтэйчүүдийн дунд зонхилж байгаагаас харахад эмзэг, амьдралын боломж муутай эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн үг юм.

Монгол Улсын төрийн үе үеийн удирдлагууд хүн амаа өсгөх асуудалд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Хүн амын энэхүү бодлого нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтэнд шууд холбогдох боловч энэ асуудлаар шийдвэр гаргах, бодлогод нөлөөлөх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо үргэлж цөөнх болсоор байна.

Үүний үр дагавар нь эмэгтэйчүүдэд ээлгүй бодлого батлагдаж, амаржих газрууд ачааллаа дийлэхээ больж, чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрч, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хомсдож, хөдөлмөрийн харилцаанд нөхөн үржихүйн үүрэг хариуцлагаас шалтгаалан залуу эмэгтэйчүүд гадуурхагдаж, хүн амаа өсгөх зорилгодоо хүрэх гол хэрэгсэл нь эмэгтэй хүн гэж тодорхойлж байгаагаас харагдаж байна гэдгийг онцлон тэмдэглээд иймд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай дуу хоолойгоо нэгтгэж, бусад шийдвэр гаргагч нарт Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурал дээр авсан үүрэг амлалтыг нь нэхэн сануулах нь зүйтэй юм гэдгийг хэллээ.

Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн 1996 онд Монгол Улсын Засгийн газраас “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Энэхүү хөтөлбөрөөр дэвшүүлсэн анхаарал хандуулах гол зорилтуудын нэг нь “Эмэгтэйчүүд ба нөхөн үржихүйн эрүүл мэнд” байсан бөгөөд хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхийг хүн ам, эрүүл мэндийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзжээ.

Энэхүү уулзалтаар 20 жилийн өмнө Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр амалсан Засгийн газрын амлалтын хэрэгжилтийг бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн хүрээнд хэлэлцэн дүгнэж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн хэлэлцэж, үндэсний бодлогод нөлөөлөх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Уулзалтад оролцож буй төлөөлөгчид тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож байна хэмээн УИХ-ын Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.