sonin.mn

СӨҮЛ./АР/. БНАСАУ-ын нутаг дэвсгэрт сэлж очихыг оролдсон АНУ-ын иргэнийг Өмнөд Солонгосын цэргүүд саатуулжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлж буйгаар, 30 настай, Америкийн иргэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах гэж байсан аж.

Кенгидо мужийн Кимпхо хотоор урсдаг Ханган голд сэлж байхад нь түүнийг тэнгисийн явган цэргүүд олж харжээ. “Умард Солонгостой хиллэдэг голоор сэлж байсан эрэгтэйг есдүгээр сарын 16-нд 23 цаг 55 минутад саатуулсан” гэж эх сурвалж Ёнхап агентлагт мэдээлсэн байна.

Ким Жөн Унтай уулзахын тулд Умард Солонгост очихыг оролдсон гэж араб гаралтай АНУ-ын иргэн байцаалтын үеэр хэлжээ. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл болон ямар зорилгоор Пхеньянд очих гэж байсан талаар мэдээлээгүй байна.

Одоогийн байдлаар Умард Солонгост Америкийн гурван иргэн саатуулагдаж байгаа юм. Үүний нэг нь Умард Солонгост орогнох эрх хүссэн Мэтью Миллер юм.  Энэ сарын 14-нд тус улсын шүүх түүнд зургаан жил хорих ял оноосон билээ.

Хоёр дахь нь Умардад 2012 онд баривчлагдсан солонгос гаралтай Америкийн номлогч Кеннет Пэ юм. Түүнийг хориотой ном тараасан болон одоогийн эрх баригчдыг түлхэн унагах зорилготой байсан хэрэгт буруутгаж, улмаар 15 жил хорих ял оноожээ.

Гурав дахь нь байрлаж байсан зочид буудалдаа библиэ мартаж явсныхаа төлөө энэ оны тавдугаар сард баривчлагдсан Жеффри Фоул ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг