sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. 2014 онд дэлхийд шинээр 155 хүн тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй болсон бол нийт тэрбумтнуудын тоо 2325 болж, хамгийн дээд үзүүлэлт хүрчээ. Энэ тухай зөвлөгөө өгөгч “Wealth-X” пүүс болон Швейцарийн UBS банкны судалгаанд дурдсан байна.

Тэрбумтнуудын тоо жилийн хугацаанд 7,1 хувиар өсчээ. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 7,3 триллион доллароор үнэлэгдэж байгаа нь жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэрбумтнуудын тоогоор Европ тэргүүлсэн бөгөөд тус тивд тэрбумын хөрөнгөтэй 755 хүн оршин суудаг байна. Хойд Америк 609, Ази тив 560 тэрбумтантай ажээ.

Тэрбумтнуудын 19 хувь нь эд хөрөнгөө өвлөж авсан бол, 25 хувь нь өвлөж авсан хөрөнгөндөө түшиглэж, тэрбумын хөрөнгөтэй болжээ. Харин 55 хувь нь өөрсдийн хүчээр хөрөнгө мөнгөө босгосон байна. Сонирхолтой нь, тэрбумтнуудын 35 хувь нь дээд боловсрол эзэмшээгүй ажээ.

Тэрбумтнуудын дундаж нас нь 63 байгаа бол дундаж хөрөнгө нь 3,1 тэрбум доллар байна. Манай гарагийн ердөө дөрөвхөн хүн 50 тэрбумаас дээш хөрөнгө эзэмшдэг гэж “Wealth-X” пүүс болон Швейцарийн UBS банк мэдээлжээ.

Харин 1-2 тэрбум долларын хөрөнгөтэй хүмүүс хамгийн олон байдаг байна. Америкийн “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, дэлхийн хамгийн баян хүн бол 79,6 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй Мексикийн тэрбумтан Карлос Слим юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг