sonin.mn

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?
-Эдийн засаг хүндэр­чихсэн, улс орны байдал хэ­цүүхэн байгаа үед ямар нэгэн дүр эсгэсэн, кос­ме­тик хагалгаа хэрэггүй. Улс орныхоо асуудлыг шийдчих хэмжээний, тулгараад буй хүнд байдлаас гарахуйц гарцуудыг хийж, өөрчлөх ёстой. Бид энэ тухай зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Маш олон удаа ярихад, бүх зүйл сайн сайхан байгаа гээд байнга хаацайлж, хамгаалж үлд­сэн.

Үүн шигээ нэг сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулганы үеэр ярих гэхээр намрын чуулган руу шил­жүүлчихдэг, давхар дээ­лийн тухай хуулийн төс­лийг оруулахаар мөн л хойш­луулаад шидчихдэг байдлаар байж болохгүй.

Өөрөөр хэлбэл “Нүг­лийн нүдийг гурилаар хуу­рах” байдлаар хандаж байгаа бол бид үүнийг нь үүргээ ухамсарлаж, ха­риуцлага тоо­цож байна гэж хүлээж авахгүй.

-Дүр эсгэх нь гэж хардаж байна гэсэн үг үү?
-Эдийн засгийг сэхээж, эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр үр дүнгээ өгсөн­гүй гэдэг нь тодорхой бол­сон. МАН боломж олгосон. Одоо манай намыг ямар нэгэн байдлаар үйл ажил­­лагаанд нь төвөг уч­руулж, гацааж, шүүм­жилж, бүхнийг сөрж байна гэдэг өнцгөөс харж, яриад хэрэггүй.

Тийм цаг үе чинь хойно хоцорсон. Одоо бол улс орны эдийн засгийг яаж босгож ирэх вэ гэдэг асуудал л байна.

Тиймээс эрх баригч хүчин эрх баригч шиг хандах хэ­рэгтэй. Монгол Улсын бү­хий л ачааг үүрч байгаа Ерөнхий сайд зөв­хөн хэн нэг дарга, ямар нэгэн фракцийн эрх ашигт хөтлөгдөж, эсвэл тэрхүү эрх ашгийг зохи­цуулах байдлаар хандах юм бол энэ нь хамгийн гэнэн бөгөөд тэнэг алхам болно.

Тиймээс хэр ул суурь­тай, ямар санал оруулж ирэхийг нь харъя. Намрын чуулганаар оруулж ирэхдээ өнгөлөн далдлалт маягийн цаг, хугацаа хожих гэ­сэн, хэн нэгэн хувь улс­төрчийн эрх ашгийг хаа­цайлж, хам­­гаалах ханд­лага ажиг­лагдаж, тийм оролд­логотой бүтцийн схем байвал асууд­лыг бид хурцаар та­вихаас аргагүйд хүрнэ.

-МАН-ынхан УИХ дахь АН-ын бүлгийн даргад шаард­­лага хүргүүлээд ба­га­­гүй хугацаа өнгөрлөө. Шаард­­лагын хариуг өгсөн үү?
-Монголын төрд ха­риуц­лагын ямар механизм үйлчилж байгааг бид бүгдээрээ харж байна. Мон­голын улстөрд хариуц­лагагүйн зуд нүүрлэчихээд байгаа шүү дээ. Бүхэл бүтэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цаашлаад парламентад суудалтай бо­лон суудалгүй намууд, иргэний нийгмийн хөдөл­гөөнүүд шаардлага, мэдэг­дэл явуулж байдаг.

Тэр ч байтугай эрх барьж буй АН-ын гишүүд ч дотроосоо хариуц­лагын асуудлаа цэг­цэлж, чан­гат­гаач ээ гэх шаард­лагуудыг өгч байна шүү дээ. Гэтэл үүний эсрэг дорвитой ямар ч алхам хийсэнгүй. Ерөнхий сайдын хэлж бай­гаа бүтцийн өөрч­лөлт хийх тухай үг, алхам ёстой л “Дургүйд хүчгүй” гэдэг шиг аргагүй л аминд нь тулаад ирсэн учраас цаг хожих гэсэн арга шиг харагдаад байна.

Монголын төрөөр тоглож боллоо шүү дээ. Ер нь ардчилсан хүчин улстөрийн эрх авахаар эдийн засаг унадаг, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрдэг, монголын төр, засаг төр байх шинж чанараа алддаг, дампуурлын ирмэгт ирдэг байдал хоёр дахиа давтагдаж байна. Тиймээс АН-ынхан ч дотооддоо дүгнэлт хийх хэрэгтэй.

-Та АН-ынхныг тэр чи­гээр нь гоочлох юм аа?
-Би аль нэг намын до­тоод асуудалд орох гээгүй. Тодруулбал эрх барьж буй хүчин өөрсдийн намын хур­лаа зургаан жилийн хуга­цаанд зарлан, хийгээгүй л байна шүү дээ. Үүнийгээ тэд өөрсдөө эргэн харах хэрэгтэй.

-Бүтцийн өөрчлөлтийн үр дүнд эдийн засаг хүнд­рэ­лээс гарах боломж хэр вэ?
-Гэрлийн хурдаар эерэг үр дүн гарна гэдэгт эргэлзэж байна. Хоёрхон жилийн өмнө улс орны эдийн засаг тартагтаа тулчихаагүй, 17 хувийн өсөлттэй, валютын нөөц нэлээд өндөр байхад л бүх зүйлийг сайн, сайхан болгоно гэж шинэчлэлийн нэртэй Засгийн газар бай­гуулсан шүү дээ.

Хоёр жилийнх нь үр дүнг зөвхөн МАН-ынхан яриад байгаа юм биш. Мон­голын ард түмэн, хэвлэл мэдээл­лийнхэн, иргэний нийгмийн байгууллагынхан, бусад на­мууд ч хэлж байгаа.

-“ЭЗЭН-100” хөтөл­бөрийн нөлөө ч гарахгүй гэж үү?
-Дэлхийд хоёрхон удаа ийм 100 хоногийн хөтөл­бөр гарсан гэдгийг би өмнө нь ч хэлж байсан. Эхнийх нь XIX зууны сүүлчээр Манжийн хаан Бадаргуулттөрийн үед гар­сан ч тэр нь амжилтгүй болж, төр нь мөхөж, хаан нь огцорсон.

Үүнээс 100 гаруй жи­лийн хойно шинэчлэлийн Засгийн газар улс ор­ны эдийн засгийг энэ хуга­­цаанд сэргээх хө­төлбөр боловс­руулсан ч дам­пуурчихлаа. Энэ хөтөл­бөрийг анх гар­гахдаа бидэнд хугацаа өгөөч, бо­ломж олгооч гэдэг утга­тай зүйл хэлж байсан.

Одоо ч магадгүй дахин тийм санал хэлэх гэж байх шиг байна. Дахиад “ЭЗЭН-100” шиг юм битгий л хийгээсэй. Тэртэй, тэргүй улс орны бай­дал гэнэт сайжраад, ард олны ахуй амьдрал гэрлийн хурдаар өөрчлөгдөж сай­жирна гэж харагдахгүй байна.

-Зарим хүн тодорхой хэмжээгээр ахиц гарсан гэж үзэж байгаа шүү дээ. Сөрөг хүчин гэхээр л бүхнийг харлуулж чичлээд байгаа юм биш биз?
-Аливаа асуудлыг нийт үр дүнгээр нь л хардаг. ЭЗЭН-100 хөтөлбөрийн хү­рээнд төлөвлөсөн нийт ажил, арга хэмжээнийхээ 62 хувийг хийж, хэрэгжүүлж чадаагүй юм чинь үр дүн­гүй, бүр туйлын муу боллоо гэж дүгнэнэ биз дээ. Ядаж хийсэн нь 49 хувьтай байсан бол бид юм хийж дээ гэж харж, ярьж болох байсан.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: