sonin.mn

Энэ оны эхний хагас жилийн байдлаар дотоо­дын арилжааны банк­­уу­дын гадаадаас татсан нийт зээлийн хэмжээ нэг тэрбум 458.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар өссөн талаар Монголбанкнаас мэдээл­лээ.

Банкны сал­барын нийт гадаад пассивын 33 хувийг урт хугацаат зээл, 32 хувийг бонд, өрийн бичиг, 14 хувийг богино хуга­цаат зээл бүрдүүлжээ.

Харин зөвхөн II улиралд банк­ууд гадаа­дын банк, сан­хүүгийн бай­гууллагаас урт болон бо­гино хугацаат 60 гаруй сая ам.долларын зээл шинээр авч, өмнө авсан зээлээсээ 48.6 сая ам.долларын үнд­сэн төл­бөрийг бу­цаан төлсөн байна.

Ингэснээр урт болон бо­гино хугацаат зээл­ийн үлдэг­дэл 698 сая ам.доллар болжээ. Энэ хугацаанд банк бус салбарын буюу аж ахуйн нэгж, иргэдийн гадаад пассив нэг жилийн өмнөхөөс 20 хувиар нэмэг­­дэж, 12.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Үүнээс дийлэнх нь болох 83 хувь нь компани хоорондын өглөг байна. Энэ төрлийн санхүүжилт ихэнх тохиолдолд хүүгүй, хатуу мөрдөх эргэн төлөлтийн хуваарьгүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид дүрмийн санд нэмж тооцогдох боломжтой байдгаараа бусад төрлийн зээлээс ялгаатай ажээ.

Харин аж ахуйн нэгж бай­гууллагуудын экспортын бараа, үйлчил­гээнд авсан урьдчилгаа төлбөр болон төлбөрийг нь хийгээгүй ч хүлээн авсан импортын бараа үйлчилгээний урт, бо­гино хугацаат өглөгийн үлдэгдэл II улирлын эцэст 548.7 сая ам.доллар болсон талаар Монголбанкны тай­ланд дурьджээ.

Эх сурвалж: