sonin.mn

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцан ажиллахаар шинээр томилогдсон захирал  Берт Хофмэн, хуучин захирал Клаус  Роланд болон Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг дагалдан яваа бусад төлөөлөгчийн хамт хүлээн авч уулзлаа.

Ноён Клаус Роланд 2010 оноос эхлэн Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан захирлаар ажилласан бөгөөд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө хамтын ажиллагааны үр дүнгээ тайлагнан санал солилцох, шинээр томилогдсон за­хирлыг танилцуулах зорилгоор ийнхүү иржээ.

Уулзалтын  эхэнд  Эдийн засгийн  хөгж­лийн   сайд  Дэлхийн  банкны хөнгөлөлт­тэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амьжиргаа III” зэрэг төсөл бо­лон хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн манай оронд хийсэн айлчлалын үр дүн, тэр дундаа Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлэхээр дэмжигдээд буй “Талын зам” төслийн талаар танилцууллаа.
 
Улмаар төмөр зам, автозам, газрын тос, байгалийн хий, эрчим хүчний таван шугам бүхий “Талын зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрт Дэлхийн банкны оролцоо байхыг хүсч буйгаа Эдийн засгийн хөгжлийн сайд албан ёсоор мэдэгдлээ.

Эх сурвалж: