sonin.mn

Сонгуулиас хойш Монголын эдийн засагт гарсан эдийн засгийн томоохон сөрөг үзэгдэл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал юм. Гадаадын хөрөнгө оруулалтын үргээлгэнд намууд бүгд оролцжээ.

2012 оны сонгуульд одоогийн парламентад суудал бүхий намууд ямархуу байр суурьтай оролцож байсны жишээг харья. Сонгуулийн хөтөлбөрөөс нь авав.



АН : “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ”

МАХН-МҮАН : “Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө.Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ”

МАН : “Стратегийн ордуудын жагсаалтыг өргөтгөж, 50-иас доошгүй хувийг нь Монголын тал эзэмшдэг болгоно.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно”



Дээрх заалтууд мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байгаа. Монгол мөнгөтэй, чадалтай, туршлагатай байсан бол за яахав гэхсэн. Хүсэл нь бололцооноосоо хавьгүй хэтэрсэн тул үүнийг хэрэгжүүлэх бололцоогүй.

Ухаарал хэрхэн ирж байгааг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын үгээр илэрхийлье.

Ерөнхийлөгч Элбэгдорж :  “Ашигт малтмалаас хамаарсан эдийн засгийн өсөлтийн үед монголчууд үүрд ийм байх мэт хөөрцөглөж явсан нь алдаа байсныг ухаарч, одоо засч залруулахын төлөө явж байна. Бэлэн мөнгө тарааж, олсноосоо илүү үрж сагаж явсны горыг монголчууд амсч байгааг нуугаад яахав” .. “төр гадаадын хөрөнгө оруулалтад хувь эзэмших явдлыг зогсоохоор ажиллаж байгаа”

Ерөнхий сайд Алтанхуяг : “Бидний ажил үйлс,амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. …Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм.


Ухаарал цөөн хүмүүсийнх биш сонгогчдын олонхийнх байгаасай. Эс бөгөөс 2016 онд намууд сонгогчдод таалагдахын тулд дахин үлгэр ярьж “Үргээлэг -2016” зохион байгуулах нь гарцаагүй.



Ерөнхий сайд асан М.Энхсайхан