sonin.mn

ЛОНДОН. /ITAR-TASS/. “Google” компанийн гол үйл ажиллагаа нь тагнуулын мэдээлэл цуглуулах юм гэж “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж үзэж байна. Энэ тухай тэрбээр телевизийн “BBC” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Google-ийн бизнес-загвар нь тагнуулын мэдээлэл цуглуулах юм. Энэ нь компанийн ашгийн 80 хувийг бүрдүүлдэг” гэж тэрбээр онцлон дурдсан байна.

Түүний хэлснээр, “Google” хүмүүсийн талаарх мэдээлэл цуглуулж, ангилан хадгалдаг байна. “Дараа нь сонирхол болоод үйл ажиллагааг нь урьдаас тодорхойлохын тулд хүмүүсийн мэдээллийн хавтас нээж, дараа нь мэдээллээ худалддаг бөгөөд ихэнх тохиолдолд зар сурталчилгаа захиалагчдад, бас бусдад ч худалддаг” гэж Ассанж онцлон дурджээ.

Компанийн үйл ажиллагаа нь “АНУ-ын Үндэсний аюулгүй байдал болон Британийн “Засгийн газрын холбооны штаб” гэдэг цахим тагнуулын газрын үйл ажиллагаатай ерөнхийдөө адилхан” гэдэгт тэрбээр итгэлтэй байна.

“Google” нь маркетингийн хувьд онцгой хүчирхэг бодлоготой гэж “Wikileaks”-ийг үндэслэгч тайлбарлажээ.

“Компанийн тоглоомын лого нь Америкийн том, муу корпораци гэдэг сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэггүй. Гэвч үнэн хэрэгтээ ийм компани болсон. Одоо тус компани дэлхийн хамгийн нөлөө бүхий арилжааны байгууллага юм” гэж тэрбээр ярьсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг