sonin.mn

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын дэд захирал Жон Хайд болон Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Далайн бүсийн  захирал Нора Мурат, тус байгууллагын Олон нийтийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Жесен Рокас нарыг өнөөдөр /2014.09.19/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ уулзалтын эхэнд  энэ оны 11 дүгээр сард Тайланд Улсын Бангкок хотод болох “Бээжин +20” чуулга уулзалтад Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцож хамтын ажиллагааны хүрээнд гарсан ахиц дэвшлийн талаар дуу хоолойгоо хүргэх гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хүн амын хөгжил, гэр бүл төлөвлөлт, улс орны хөгжлийн талаарх бодлогын цогц асуудлаар харилцаа, хамтын ажиллагаагаа улам их бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.

Мөн тэрээр Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Жендерийн үндэсний хороотой хамтран “Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өчигдөр /2014.09.18/  зохион байгуулсан талаар онцлоод Тайланд Улсын Бангкок хотод болох “Бээжин +20” Олон улсын чуулга уулзалтад танилцуулах Монгол Улсын хүн амын хөгжлийн дүгнэлтийг энэхүү хуралдаанаас гаргасан талаар дуулгасан юм.

Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Далайн бүсийн  захирал Нора Мурат сүүлийн жилүүдэд Монгол Улсад өсвөр насны жирэмслэлт эрс нэмэгдэж буй талаар судалгаа гарсанд эмзэглэж байгаагаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа энэ асуудлыг бууруулахад чиглүүлэх хүсэлтэй байна гэв.

Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын дэд захирал Жон Хайд энэ үеэр охид, эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэнд, нөхөн үржихүйн сургалтын хөтөлбөр боловсруулж, мэдээлэл олгох үүрэгтэй багш нарыг чадавхижуулах, гарын авлага, танилцуулга материалаар хангахад дэмжлэг үзүүлэхээ онцлоод цаашдын хамтын ажиллагааны талаар  хэд хэдэн санал хэлж харилцан санал солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.