sonin.mn

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар эхлүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай буюу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг иргэд, залуу хойч үеийнхэнд танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр Блью Скай Тауэрт болов.

“NextGen” залуу мэргэжилтнүүдийн хөдөлгөөнөөс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Баялгийн сангийн хэлтсийн дарга Б.Төгөлдөр, Эдийн засагч С.Боргил нар илтгэл тавьж, залуусын асуултад хариулсан юм.

Монголын шинэ залуу мэргэжилтэн, боловсон хүчний 200 гаруй төлөөлөл хуулийн төслийн үзэл баримтлалтай дэлгэрэнгүй танилцаж,  саналаа хүргүүлсэн нь аливаа хуулийг ийнхүү нийтээр хэлэлцүүлэхийн ач холбогдлыг оролцогчдод харуулаад зогсохгүй олон талын саналыг нэгтгэхэд ач тустай байсныг зохион байгууллагчид онцолж байгаа юм.

Хэлэлцүүлгийн эхэнд нийт оролцогчдын гуравны нэг нь баялгийн сангийн талаар ойлголттой байсан бол хэлэлцүүлгийн эцэст өрнөсөн санал асуулгаар оролцогчдын 93.2 хувь нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн байна.