sonin.mn

2013 оны сүүлийн хагасын байдлаар дэлхийн дарсны нийлүүлэлт эрс буурсан нь хятадуудын дарсны хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой байна гэсэн содон мэдээг ББС-ийн олон улсын мэдээнээс саяхан олж уншсан маань Америкийн профессор Лестер Р.Брауны “Хятадыг хэн тэжээх вэ?” гэсэн номыг эргэж харахад хүргэлээ.

Учир нь олон хүмүүс Хятад улс маш хурдацтайгаар хөгжиж ард түмнийх нь хэрэглээ дэлхийн дарсны эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх хүртлээ тансаг болсон гэдгийг мэдээгүй байж магадгүй. Хятад улс манай улсын мөнхийн хөрш бөгөөд зах зээлийн хувьд хамгийн том түнш билээ.

Иймээс Хятадын ард түмний эдийн засгийн үсрэнгүй хөгжлөө дагасан энэ тансаг хэрэглээ болон үүнээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн болзошгүй хүнсний хомсдол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болох эсэх талаар судалгаа хийхийг зорилоо.

Хэдийгээр дээрх ном хорин жилийн тэртээ буюу 1994 онд бичигдсэн боловч өнөө үед дэлхий дахинд тулгараад байгаа хүнсний үнийн өсөлтийг, үүнд Хятадын үсрэнгүй хөгжил маш их нөлөө үзүүлэхийг урьдчилан таамаглаж асуудал дэвшүүлж байсан байна. Энэ номын гол санаа нь дэлхийн нийт хүн амын тавны нэг нь амьдардаг БНХАУ хөгжих тусам ард түмнийх нь амьдралын түвшин дээшилж улмаар хэрэглээ нь нэмэгдэх болно гэж үзсэн байна.

Ингэснээр зах зээлийн жамын дагуу өргөн хэрэглээний барааны үнэ маш ихээр нэмэгдэх, мөн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэх ба энэ үед Хятад улс ард түмнээ тэжээхэд хүндрэлтэй болно гэж бичиж байжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ?

Өнөөдөр БНХАУ дэлхийн хамгийн олон буюу 1.35 тэрбум хүн амтай, эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй, ард түмнийх нь амьдрал харьцангуй сайжирч байгаа ч үйлдвэржилт, хотжилтын үр дүнд болон байгаль орчин, цаг агаарын нөлөөллөөс шалтгаалан үржил шимтэй газар тариалангийн талбай нь маш ихээр багассан, үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүнийх нь дотоодын нийлүүлт нь эрэлтээ хангаж чадахгүй болсон байдалтай байна.

Зөвхөн сүүлийн 20 жилийн дотор БНХАУ-д хотжилт, үйлдвэржилт, дэлхийн дулаарал, хөрсний үр шимгүйдэлт, цөлжилт болон бохирдлоос улбаалан 14 сая га газрыг тариалангийн зориулалтаар ашиглах боломжгүй болсон хэмээн Интэрнэшнл Ливинг сэтгүүл мэдээлсэн байна. Хятадын засгийн газраас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар тус улсад газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох нийт 122 сая га газар байгаа гэж мэдээлсэн ба үүнээс үзэхэд ашиглах боломжгүй болсон газар үүний 11.5 хувийг эзэлж байна.

Энэ нь бага тоо биш бөгөөд ашиглах боломжгүй болох газрын тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Эсрэгээрээ БНХАУ-ын хүн ам жилд ойролцоогоор 30 гаруй саяар нэмэгддэг ба энэ оноос эхлэн Хятадын засгийн газраас тус улсын “Нэг хүүхдийн бодлого”-ыг зөөллөх шийдвэрийг гаргасан нь энэ тоог улам нэмэгдүүлэх
болно.

Үүнээс гадна Хятадын иргэдийн урт наслалт бас нэгэн санаа зовоосон асуудал болоод байгааг дэлхий дахин анхааралтай ажиглаж байгаа билээ. БНХАУ-ын 1980 оноос хойш хэрэгжүүлсэн “Нэг хүүхдийн бодлого”-ын үр дүнд тус улсын ард түмний насжилтын тэнцвэр алдагдсан мөн улсын эдийн засаг сайжирах тусам ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягтаа анхаарах нь нэмэгдэж түүний хэрээр урт наслалт улам нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус улсын нийт хүн амын 16 хувь нь 65-аас дээш насныхан байгаа бол 2050 он гэхэд энэ хувь 64 хувьд хүрнэ гэсэн тооцоог Рубикон Стратеги Групп-ын судалгаанд өгүүлсэн байна. Улмаар орчлонгийн жамаар нэг нь төрж нөгөө нь хорвоог орхисноор хүн амын насжилт тэнцвэртэй байдаг бол энэ байдал алдагдаснаар Хятадын хүн ам улам олшрох нь зайлшгүй болоод байна.

Дээрх хүчин зүилсүүдээс дүгнэлт хийхэд тус улсын газар тариалангийн талбай жилээс жилд багасан өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотооддоо шийдвэрлэн хангахад маш их хүндрэлтэй болж байгаа нь харагдаж байна. Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2012 оны эцэст гаргасан судалгаагаар дэлхийн улс орнуудын хэмжээнд
тариа, будааны нөөц үлэмж бага байгаа ба ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдоход дэлхий дахины хүнсний аюулгүй байдал алдагдахад маш ойрхон байна.

Түүнчлэн өмнө дурдсан профессор Лестер Р.Браун 2013 онд бичсэн “Дүүрэн дэлхий ба хоосон таваг” номондоо өсөн нэмэгдэж буй хүн ам, дундаж давхаргынхны хэрэглээ, байгаль орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, газрын зүй бус хэрэглээ, хэт үйлдвэржилт зэргээс шалтгаалан дэлхийн хэмжээний хүнсний хомсдол аль хэдийн үүссэн бөгөөд энэ нь гамшгийн хэмжээнд хүрэхэд нэг том хэмжээний хүнсний бүтээгдэхүүн экспортлогч оронд ганцхан ган болох хэмжээний л зай байна гэж өгүүлсэн байна.

Ерөнхийдөө дээр дурдагдсан хүчин зүйлүүд бүгд хүнсний хомсдолд хүргэх шалтаг, шалтгаан болж байгаа ба цаашлаад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөрөгдөх хүчин зүйл болж байна. Хүнсний үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлөх нөлөөллүүдийн өөр нэг нь БНХАУ-ын өдрөөс өдөрт олноор нэмэгдэж буй дундаж давхаргынхны хэрэглээ гэдэг нь ойлгомжтой.

Одоогийн байдлаар Хятадын ард түмний 10 хувь нь дундаж түвшинд байгаа ч 2020 онд энэ түвшнийхэн нийт хүн амын 40 хувийг эзэлнэ гэсэн тооцоог Брукингсийн Волфинсон Хөгжлийн Төвөөс гаргасан байна. Энэ нь 670 сая хүний тухай ярьж байна гэсэн үг юм.

Эдгээр тодорхой түвшинд амьдралын түвшин нь дээшилсэн хүмүүс илүү олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг илүү ихээр хэрэглэдэг болсон нь дэлхий нийтийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна гэсэн судалгааг Дэлхийн Эдийн Засаг, Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллагаас (ОЕСD) гаргасан байна.

Энэ нь ч амьдрал дээр нүдэнд харагдахуйц байгаа билээ. Жишээ болгож хэлэхэд Хятад улс өнгөрсөн зууны сүүлийн 50 жилийн хугацаанд цагаан будаа экпортлогч улс байсан бол 2000-аад оноос цагаан будаа импортлогч улс болсон ба зөвхөн 2012 онд гэхэд 2.6 сая тонн будаа гадаад орнуудаас худалдан авсан гэсэн судалгаа байна.

Энэ их хэрэглээ дэлхийн зах зээл дээрх цагаан будааны үнийг 3-4 дахин өсгөсөн гэж судлаачид үзжээ. Үүний үр дүнг холоос хайх хэрэггүй бөгөөд манай улсын Үндэсний Статискийн Хорооны статистик судалгаанаас л харахад ойлгомжтой байна. Тус хорооны судалгаанаас ганцхан жишээ авахад манай улсад 2007 онд цагаан будааны жижиглэнгийн үнэ 530 төгрөг байсан бол өнөөдөр бараг 4 дахин нэмэгдсэн буюу 2000 төгрөгт хүрээд байна.

БНХАУ-ын хүчирхэгжилтийг дагасан жилээс жилд нэмэгдэж буй дундаж давхаргынхны тансаг хэрэглээнээс гадна бусад хүчин зүйлсүүд хүнсний үнийн өсөлтөд нөлөө үзүүлж байгаа нь мөн өөр судалгаануудаас харагдаж байна. Эдгээрт тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөр зориулалтаар ашиглаж байгаа болон цаг агаарын эрс өөрчлөлтүүд зэрэг орж байна.

Энэ хоёр нөлөөлөлүүдийн жишээ болгож хэлэхэд БНХАУ хүнсний ногоо болон ургамлын тосны түүхий эдийг ашиглан жилд 555 сая галлон био-түлш гаргаж байгаа болон тус орны өмнөд хэсгээр 2013 онд сүүлййн зуун жилд тохиолдоогүй ган болсны улмаас 6.5 сая га тариалангийн талбайгаас ургац хураах боломжгүй болсон байна.

Дээрх хүчин зүйлүүдээс харахад БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, түүнээс шалтгаалсан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын 2 чухал бүрдэл хэсэг болох эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдалд заналхийлж болох нь харагдаж байна.

Нэгдүгээрт, Эдийн засгийн аюулгүй байдлын хувьд 2010 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалд “Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах” гэсэн заалт бий.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үүдэн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон хомсдол нь энэ заалтыг биелүүлэхэд хүндрэлтэй байдал үүсгэх нь дамжиггүй. Учир нь өнөөдөр ч гэсэн импортын хүнсний барааг худалдан авахад манай улсын олон иргэдэд хүндрэлтэй байхад цаашид үнэ улам нэмэгдвэл амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахад маш бэрхщээлтэй болох нь ойлгомжтой.

Хятадын дундаж давхаргынхны өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг мөнгөн дүн ойролцоогоор 100 ам доллар буюу 182300 төгрөг байхад манай улсын хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин үүнээс бага буюу сарын 149900 төгрөг байна.

Ийм байдалтай байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүн амынхаа хэрэгцээг хангах гэдэг маш бэрхшээлтэй зүйл болох болно. Нөгөө талаараа Индианагийн их сургуулийн эрдэмтдийн дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаар хийсэн судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний хямрал болсон тохиолдолд хөгжиж буй болон ядуу буурай орнууд хамгийн ихээр нэрвэгдэх болно, тиймээс тэдгээр орнууд гадны орнуудын өндөр үнэтэй импортын бараагаар юмуу тусламжаар л хүнсний аюулгүй байдлаа хангах болно гэсэн дүгнэлтээс харахад уг үзэл баримтлалд заагдсан эдийн засгийн бие даасан үйл ажиллагааг хангах гэсэн асуудалд бас хүндрэл учруулж болзошгүй байна.

Хоёрдугаарт, Хүнсний аюулгүй байдлын хувьд уг тулгуур баримт бичигт “Хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангаж, физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Ер нь цаашид хүнсний үнэ улам бүр нэмэгдэх, цаашлаад хүнсний хомсдол нүүрлэх хандлагатай байгаа энэ үед тус заалтыг биелүүлэхэд бэрхшээлтэй болох шинжтэй байна.

Учир нь манайх шиг хөгжиж буй орнуудын хүн амын олсон орлогын нэлээд их хувь нь хүнсний хэрэгцээнд зарцуулагддаг ба хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тусам хэрэглэгчдийн бусад хэрэгцээндээ зарцуулах мөнгө багасаж нэг бол физиологийн зохистой нормд нийцээгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл хүнсний хэрэглээгээ багасгахаас өөр аргагүйд хүрдэг.

Энэ хоёр сонголтын аль нь ч байсан улс орны хүнсний аюулгүй байдал адцагдахад хүргэж болно. Магадгүй олон хүн Монгол хүн мах гурил хоёртой байхад хүнсний хомсдолд орохгүй гэж бодож байж болох юм. Гэхдээ Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс гаргасан мэдээллийн дагуу манай оронд махнаас бусад бараг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний ногоо импортоос хамааралтай байна.

Зөвхөн гурилын хувьд гэхэд 68.2 хувийн импортын хамааралтай байгаа нь ноцтой асуудал гэж үзэхгүй байхын аргагүй. Мөн оны өмнөхөн Засгийн газар, Улсын Их Хурлын хэмжээнд хүртэл яригдсан их хэмжээний үр тариа импортоор авах асуудал нь манай улс бие даан дотоодын гурилын үйлдвэрлэлээ түүхий эдээр хангах боломжгүй байгааг илэрхийлсэн байдал гэдгийг мартах учиргүй.

Дүгнэж хэлэхэд Хятадын хэрэглээ ихээр нэмэгдсэн болон хүнсний эрэлт нь давамгайлсан он жилүүд бидний өмнө байгаа нь тодорхой байна. Үүний хавсарга болсон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн хомсдол зэрэг ноцтой асуудлуудтай бид тулгарах магадлалтай болоод байна. Одоо бидний өмнө энэ асуудалд гарц байгаа юу гэдэг асуулт тулгараад байна.

Эдийн засгийн онолоор эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байх эсвэл нийлүүлэлт давамгайлах нь үнийн өсөлтөөс сэргийлэх хамгийн сайн гарц гэж үздэг. Ийм ч учраас БНХАУ-ын засгийн газар нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллах нь ойлгомжтой бөгөөд энэ үед Монгол улс өөрийн өргөн уудам газар нутаг, олон малтай байдлаа ашиглан газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ээдрээтэй энэ нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар ашиглах боломж байна гэж харж байна.

Хэдийгээр ямар ч улс дангаараа БНХАУ-ыг хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй нь ойлгомжтой боловч олон орон Хятадын өсөн нэмэгдэж буй дундаж давхаргынхны хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулан өөрсдөдөө эдийн засгийн таатай байдал үүсгэхээр хичээх нь зайлшгүй. Эдгээрийн нэг манай орон болж тулгарч болох аюулаас урьдчилан сэргийлж эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлаа хангах боломж байгаа нь харагдаж байна.

Ийм боломж бэлхэнээ байгааг НҮБ-ын Хүнс, Газар Тариалангийн Байгууллагаас (FАО) гаргасан Хятад улс 2022 он гэхэд нэг хүнд оногдох хэмжээгээр дэлхийн хамгийн их мах, гурил болон сүү, сүүн бүтээгдэхүүн импортлогч улс болно гэсэн судалгаанаас харж болохоор байна.

Энэ их хэрэгцээнд чиглэсэн хөгжлийн стратеги боловсруулан ажиллавал үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, улсын төсвийн эрдэс баялгийн экспортоос хэт хамааралтай байдлыг багасгах, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлаа хангах боломжийг дээшлүүлж болно гэж найдаж байна.

Докторант Тогоогийн Галбадрах