sonin.mn

Таван толгойг “тамирдуулах” орос технологи амжилттай хэрэгжиж байна


Дэлхий дээр коксжсон нүүрсээр цангаж буй эдийн засагтай улс орнууд хэдэн арваараа бий. Ази тивд л гэхэд БНХАУ-ын эдийн засаг жилдээ 3.4 тэрбум тонн кокжсон нүүрс зал­гилж байхад Япон 200 сая, өмнөд Солонгос 105, Вьетнам 70 сая хэрэг­цээгээр өлсч байдаг.

Гашуун­сухай­тын хилээр гарч Ганц мод­ны боомт дээр очсон манай нүүрс угааг­даад Буга­тын брэнд нэртэй бол­дог юм би­лээ. Энэ нэрээр овог­лог­дон Тянжины чөлөөт худал­дааны бүс дээр очоод нэг тонн нь 190-250 ам.доллар хүрч байсан сайхан үе бий.

Хилийн цаана ийм их хэрэгцээ, боломжууд бай­хад Монгол Улс жилдээ 30 сая тонн нүүрсээ 30-хан ам.дол­лараар зарах (Бусад оронд нүүрсний үнэ ингэж унаагүй) гэж аргаа барж байна шүү дээ. Лангууны цаа­на наана өөр өөр үнэ яригдаж нүүрсний үнэ уна­саар байгаа билээ.

Цаашдаа энэ чигээрээ үнэ унавал Орос, Хятад нийлээд Таван толгойн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд оруулж, бүхлээр нь залгих биз. Тэ­дэнд тийм боломж бий. Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөө хөндөгдөх болгонд хоёр хөрш нэг байр суурьтай болчихдог. Энэ хоёр улсын оролцоогүйгээр тусгаар тогт­­­­­­нол, эдийн засгийн эрх чө­­­­лөө­ний төлөөх тэмцэл ам­жилт олж байгаагүй билээ.

Чөдөртэй Монголоо алдсан оросууд
2003 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Намбарын Энхбаяр “Их өр” буюу 11.7 тэрбум ам.долларын асуудал тэглэгдсэн талаар мэдээлсэн. Тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Дулам, Ж.Бямбадоржийг уйлахад нийтээрээ шахам “Тойрон хүрээлэгч нарын долдойг” гайхаж байсансан. Яг үнэндээ бол чөдрөө тастах адуу шиг эрх чөлөөг мэдрүүлсэн үйл явц байсан юм. 1990 оноос хойш Оросын их өр гэгчээс гарах социалист лагерийн улс орнууд толгойгоо гашилгаж байв.

Тухайлбал шатахууны дарам­танд орсон “Буурал” Д.Бямбасүрэн 600 сая, П.Очирбат гурван тэрбум ам.долларын өр төлөхөө амлаж байлаа. Ерөнхий сайд М.Энхсайхан, П.Жасрай нарын Засгийн газруудын зүгээс оросууд манай улсад их хэлмэгдүүлэлт явуулж, байгаль орчин сүйтгэсэн гэх мэтээр сөргүүлэн дайрах тактик боловсруулсан ч амжилт олоогүй юм.Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт их өрөнд Эрдэнэт үйлдвэр дэх өөрийн хувийг өгөх захиа орос руу илгээж Засгийн газрын тэргүүнээсээ мултарч байв.

2000 онд Ерөнхий сайдаар томилогдсон Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьяновтай тохирол­цоонд хүрч 250 ам.дол­лараар их өрийг тэглэж чад­сан. Энэ мэдээ ОХУ-ын Думын депутатыг сэрээж, “Монголчуудыг өртэй нь үлдээх” хувилбар яригдсан ч гэлээ М.Касьянов хэлсэн үгнээсээ буцаагүйгээс болоод улс төрөөс арчигдах нүхээ ухсан гэдэг юм. Оросын хэвлэлүүд “БНХАУ-тай нийлэн монголчуудыг хүмүүжүүлэх” тухай нийтлэлүүд ч гарч байсан.

“Морьтой хүнтэй ярьснаас явгантай нь дээр” гэгчээр оросууд Монголын Засгийн газрыг их өртэй үлдээх сонирхолтой байсан. П.Жасрайн Засгийн газрын үед их өрөндөө хэд хэдэн уурхай, барилга байгууламжууд, Эрдэнэт, Төмөр зам, Монголросцвет зэрэг газруудыг авах далд сонирхлоо оросууд илэрхийлж байсан гэдэг. Ямартай ч их өрийг тэглэснээр оросууд монголчуудыг боомилсон уяагаа алдаж орхисон гэхэд болно.

Оросуудад “Монголын баялгаас бид хүртэх ёстой” гэсэн гоморхол яваад байдаг
Ингээд оросууд өөрийн уяагаа алдаж орхисон учир Оюу толгой, Таван толгой хэмээх бялуунаас хүртэж чадаагүй. Бялуу хүртэж чадаагүй уураа шатахууныхаа үнийг нэмж, цоргыг хааж гаргадаг байлаа.

Яагаад ч юм бэ оросуудад Монгол Улсын байгалийн баялгаас бид хүртэх ёстой гэх далд гомдол яваад байдаг. 2006 онд ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдхүүнд “Хөнгөн цагаан”-ы хаан Олег Дерипаска гэдэг нөхөр Монгол Улсад ирсэн. Тэрбээр Таван толгойд оролцох гол тоглогч гэдгээ зарласан билээ. Энэ үеэс эхлэн Оросын олигарх Олег Дерипаска “Женко” Баттулгыг өөрийн хүн болгосон гэдэг.

Тэр ч бүү хэл монголын хэвлэлүүдийг барихын тулд 850 мянган ам.доллар Х.Баттулга шилжүүлсэн талаар өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянга бичиж байлаа. Спиртын наймаа хийж яваад уул уурхайн бизнесээс хоцроод одоо хүртэл хөмсөг зангидаж явдаг гэгдэх Х.Баттулга Таван толгойг “булаах ажиллагаа”-г эрчимтэй хийж ирсэн.

Тухайн үед АПУ-ийн Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, “Алтай трейд”-ын Сү.Батболд, Д.Идэвхтэн, MCS груп­пын Д.Оджаргал, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл зэрэг 14 хүн Таван тол­гойн ордыг эзэмшиж байсан. Х.Баттулга МоАХ-ны гишүүд дэмжигчдийн хүчээр Таван толгойн орд газрыг төрд буцаан авах (нийгэмчлэх) үйл ажиллагааг амжилттай явуулж чадлаа.

2007 оноос эхлэн Х.Баттулга Таван толгойн хувьцааг олон улсын биржид гаргах талаар санал санаачилга гаргаж байсан юм билээ. Тэрээр “Ухаа худаг” төслийг амжилттай явуулахын тулд төрд шургалсан олигорхууд Таван толгойн IPO гаргахгүй байна” гэж үглэсээр.

Ямартай ч Х.Баттулгын хүчин чармайлалтаар Таван толгойн орд газар төрийн мэдэлд ирсэн. Харин одоо яаж оросуудад өгөх бэ гэдэг нь дараагийн нүүдэл. Таван толгойн хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах замаар оросуудад өгөх боловсон арга байсан.

Ийм тохиолдолд төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэргүй ч Таван толгойн орд газрын хувьцаа долоо хоногийн дотор унаж бусдын идэш нь болох нь мэдээж. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахыг шахаж байсан энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөл өгөөгүй юм.

Хэрвээ зөвшөөрөл өгсөн бол О.Дерипаскагийн “БазЭл” компанийн мэдэлд Таван толгойн хувьцаа орох магадлалтай байсан. Түүний мэдэлд 35 уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй Б.Энэбиш (Эрдэнэс-Таван толгойн захирлаар ажилласан нь тохиолдлын хэрэг биш байсан болов уу) захиралтай “Бату майнинг”, Х.Батулгын хувь эзэмшдэг “Кредит”, “Капитрон” банкууд очоод байлаа. Энэ жижиг банкууд дээр томоохон орд газруудын тусгай зөвшөөрлүүд байсан гэх юм билээ. Яагаад Олег Дерипаскад Таван толгой хэрэг болов оо.

Олег Дерипаска Таван толгойг Роман Аркадьевич Абрамовичид амалсан
2008 онд ЗТБХБ-ын сайд болон төмөр замын удирдлагууд БНХАУ-д айлчлан олон тооны хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Баттулга хятадуудтай нууц гэрээ хийсэн” гэдэг асуудал.

Айлчлалын бүрэлдхүүн “Делонги” компанийн ТУЗ-ын дарга, хятадын хамгийн залуу тэрбумтны гэрээр зочилсон байдаг. Моа Зу Дуны амьдарч байсан гэх эртний ордны хажуу байранд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцины охин Татъяна Деяченко амьдардаг болохыг мэджээ.

Хятадын залуу тэрбумтан “Манай Делонги компанийн 28 хувийг Роман Аркадьевич Абрамович эзэмшдэг. Тэгээд Борис Ельцины охинд энэ ордны нэгээхэн хэсгийг худалдан авч өгсөн юм. Роман Аркадьевич Абрамович Англид биш Хятад улс мөнгө хийдэг. Тэр энд есөн коксжих үйлдвэртэй. Есөн коксжих үйлдвэр нь “Пушин”, “Винсвэй” зэрэг компаниудаар дамжуулан Монголын Таван толгойгоос нүүрс авдаг” гэж ярьжээ.

Энэ яриа айлчлалд явсан эрхмүүдийн нүдийг нээгээд зогсохгүй, харанхуйд гэрэл асах шиг гялбуулж эхэлсэн аж.
Ямартай ч Монголын нүүрсийг Роман Аркадьевич Абрамович авдаг болох нь тодорхой болов. Тэгвэл Олег Дерипаска,Роман Аркадьевич Абрамович хоёр ямар холбоотой бэ. Агуу их ЗХУ улс задран унаж олон арван жилийн турш боссон аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчийг цөөн тооны олигархууд хувьчлал нэрийн дор хуваан авсан. Яг ийм шударга бус хуваарилалт Монгол Улсад ч явагдсан билээ.

Оросын олигархуудын “Загал­майлсан эцэг” бол ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин гэдэг юм билээ. Тэр эрхмийн бүтээсэн бүтээлүүдийн “сороор” Олег Дерипаска, Роман Аркадьевич Абрамович нар зүй ёсоор ордог байх юм. “Хөнгөн цагаан хаан” гэгдэх Олег Дерипаска Монгол дахь “хүүхэлдэйгээрээ” дамжуулан кокжсон хямд нүүрс, ордыг найздаа амалсан байдаг. Тэгээд дараа нь Монголын хямдхан нүүрсээр дамжуулан Хятадын гангыг үйлдвэрт хувь эзэмших, хяналт тогтоох далд сонирхол байсан юм билээ.

Оросууд ямар ч тохиолдолд нарийн царигаар нүүрсээ тээвэрлэнэ. Тэр нүүрс нь Таван толгойн нүүрс шүү дээ. Коксжсон нүүрсний ордыг өөрийн гартаа баттай оруулж авахын тулд үнэ цэнэгүй, мөрөөдөлгүй болгох учиртай.

Дараа нь эрлийз, хурлийз, Энхсайхан мэтийн нөхдөд дийлдсэн мэт дүр үзүүлж нарийн царигаа тавьчихаад хилийн цаана мөнгөө тоолох биз. Нарийн өргөн гэх маргаан хүртэл улс төрчдөд ямар их ашиг авчирч байгааг таахын аргагүй юм даа.

Үргэлжлэл бий...

Г.Эрдэнэ

Эх сурвалж: