sonin.mn

"Хятадын Коммунист намын салбар байгуулагдана гэв үү?" гэсэн хачирхалтай мэдээ өдөр тутмын сонин дээр гарчээ. Үүний учрыг лавлахаар хэд хэдэн эх сурвалжтай холбогдлоо. Мэдээж ямар нэг гадаад орны нам Монголд салбараа байгуулан, үйл ажиллагаа явуулах ямар ч хууль, эрх зүйн орчин, боломж огт байхгүй гэдгийг холбогдох албаныхан өгүүлж буй.


Харин удахгүй Монгол улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр зэхэж буй шинэ улс төрийн хүчнийхэн Хятадын Коммунист намыг талархан дэмжигчид гэнэ.
Тэд Хятадын хөгжлийн загвар, болоод  үзэл суртал нь  Монгол улсыг хөгжүүлэхэд яг тохирно гэж үздэг юм байна.
Монголын Коммунист Нам нь энэ оны 4-р сард намынхаа танилцуулах өдөрлөгийг Тэнгис кино театрын хажуу дахь талбайд хийж байсан бөгөөд "Монголын хөдөл­мөр­чин ангийн дайчин манлай болох Монголын Коммунист нам нь ардчилсан дүр эсгэсэн улс төр, гадаад дотоодын шунахай, гэмт хөрөнгөтний бүлэглэлүүдэд булаан эзлэгд­сэн манай эх орныг чөлөөлөх, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, XXI зууны шинэчилсэн төрийн өмч давам­гайлахын зэрэгцээ мөн зах зээлийн эдийн засгийн бүх шинж чанартай социализмыг бүтээн байгуулахын төлөө тууштай тэмцэх болно. Коммунист нам бол иргэдийнхээ эрх ашгийг тууш­тай хамгаалах цорын ганц улс төрийн хүчин  мөн" гэж өөрсдийгөө тодорхойлжээ.


БНХАУ-ын даргын төрийн албан ёсны айлчлалын дараа тэд өөрсдийн үзэл бодолдоо улам бат итгэх болсон гэнэ.
Монгол дахь Хятадын Коммунист намыг дэмжигчдийн үүсгэн байгуулж буй уг нам ирэх 10-р сар гэхэд бүртгүүлсэн байх зорилготой бөгөөд өмнө нь Ж.Роозон гэх хүний байгуулсан Монголын Коммунист намын нэртэй давхцаж буй тул тэд  арай өөр нэр сонгох шаардлагатай болж буй аж.

Л.Ганзориг