sonin.mn

Ер нь ингэхэд нийгэм гэж юу, зохион байгуулалт гэж юу болохыг тайлбарлахгүй бол Монгол Улс болохоо байлаа. Бүгдээрээ онол ном ярих, зарим нь бүр Тэнгэр Бурхантай хүртэл ярина. Харин Монголчууд ч, Бурхан тэнгэр ч ярьдаггүй нэг том асуудал бол байгууллага буюу зохион байгуулалт юм. Энэ тухай жаахан хөндөх гэсэн юм…

Зохион байгуулалт уу, байгууллага уу?
Монгол хэлэнд “зохион байгуулалт”, “байгууллага” хоёрыг их хутгадаг. Оросын “организация” гэдэг үгийг манайд ийн хоёр янзаар орчуулдаг. Үгийн утгыг мөшгин тайлбарлавал барагдахгүй урт болох учраас түр орхиод шууд асуудалдаа оръё.

Онолын социологид “социал байгууллага” гэдгийг 3 утгаар ойлгодог.
Нэгдүгээрт, нийгэмд тодорхой байр суурь эзлэн, ямар нэгэн тодорхой үүрэг (функци) гүйцэтгэхэд зориулагдсан, институционал шинж чанар болон зохиомол нэгдэл.
Энд функци гэсэн шинжлэх ухааны ойлголтыг манайд заримдаа “үүрэг”, заримдаа “үйл ажиллагаа”, заримдаа бүр хамтад нь “үүрэг функци” гэж олон янзаар орчуулан хэрэглэж ирсэн боловч одоо болтол нэг л сайн онож өгөөгүй байгаа юм. Уг нь бол гаднаас биш, бусдаар биш, албадлагаар биш, өөрөө цаанаасаа хийгдэж буй системийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа буюу үйл ажиллагааны хэсэг юм. Ухаандаа хүний зүрх гэхэд цус шахаж хүний организмыг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Үүнийг ямар нэг “үүрэг” хэмээн ойлгож, мөн ингэж орчуулах утгагүй. Функци гэсэн энэ үг монгол хэлний “тавилан” гэсэн үгтэй агуулга нэн их дүйнэ.
Энэхүү эхний утгаар бол социал байгууллага гэдэг нь тодорхой статус бүхий нийгмийн институт болох бөгөөд энэ тохиолдолд түүнийг бие даасан объект гэж үздэг. Жишээ нь: үйлдвэрийн газар, компани, төр, төрийн байгууллага, нам, сайн дурын холбоо гэх мэт.

Хоёрдугаарт. зохион байгуулалтын тодорхой үйл ажиллагаа, тухайлбал, функцээ хуваарилах, тогтвортой холбоо харилцаа тогтоох, зохицуулалт хийх зэрэг үйл ажиллагааг хэлнэ.

Энд байгууллага гэсэн ухагдахуун зохион байгуулалт гэсэн утга руу шилжиж байгааг бид харж байна. Угаасаа ч зохион байгуулах гэж байгууллага байгуулж байгаа юм. Зохион байгуулалт байгууллага хоёр салшгүй. Энд объектод зорилго чиглэлтэйгээр нөлөөлөхтэй холбоо бүхий “байгууллага + процесс” бүдүүвч үүсч байгаа бөгөөд үүнийг удирдлага гэж нэрлэдэг. Энэ нь бидний сайн мэдэх “дээр байдаг дарга” гэсэн удирдлага биш, нийгмийн үйл явцад нөлөөлөх замаар удирдахыг хэлж байна. Манайд удирдлага, удирдах гэнгүүд хамгийн түрүүнд дарга толгойд нь ордог болохоор зориуд сануулж хэлж байна.

Гуравдугаарт. Аль нэг объектын эмх цэгцийн хэмжээг тодорхойлоход хэрэглэнэ. Энэ нь ойлгомжтой, түгээмэл ойлголт мэт боловч хамгийн хэцүү нь юм. Энэ сүүлийн тохиолдолд тухайн объектыг хэсэг тус бүрийг нь тодорхой төрлийн холбоо харилцаа, аргаар нэгэн бүхэл болгон нэгтгэсэн тодорхой бүтэц, бүрдэл гэж үзэх ёстой болдог. Энэ тохиолдолд зохион байгуулалт гэдэг бол байгууллагын уг мөн чанар, салшгүй атрибут болдог.

Энэхүү гуравдахь утгыг том системийн түвшинд голдуу хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл нарийн нийлмэл, өөрийн удирдлагат, зорилгот систем өөрөө ажиллах үед, эсвэл тэрхүү системийг шинжлэх, оношлох үед хэрэглэдэг.

Социал байгууллага нь хоёр зарчмаар үүснэ. Нэгдэх нь: Ямар нэг нийтлэг зорилгод хүрэхийн тулд зөвхөн хувийн (индивидуал) зорилгоор дамжин хүрч болно гэдгийг ойлгосон үед. Хоёр дахь нь: Ямар нэг хувийн зорилгод хүрэхийн тулд зөвхөн нийтлэг зорилгоор дамжин хүрч болно гэдгийг ойлгосон үед. Эхний тохиолдолд үйлдвэрийн газар, албан газар зэрэг үйлдвэрийн байгууллагууд үүснэ. Удаах тохиолдолд нийгмийн гэгдэх холбооны байгууллагууд үүснэ.

Аль ч тохиолдолд социал байгууллагыг тодорхойлогч шинж нь зорилго болно. Өөрөөр хэлбэл социал байгууллага бол зорилтот нийтлэг юм. Чухамхүү хамтран зорилгодоо хүрэх явдал нь шатлал (иерархи) хийгээд удирдлагыг заавал бий болгохыг шаарддаг.

Ийнхүү социал байгууллагууд дараах шинж чанартай болдог. Үүнд:
Нэгдүгээрт. Байгууллага нь нийгмийн зорилтыг шийдвэрлэх хэрэгсэл, мөн тодорхой зорилгод хүрэх хэрэгсэл мөн. Энд нийгмийн зорилт, тодорхой зорилт гэдгийг холиогүй, эндүүрээгүй гэдгээ цохон дурдаж байна. Шинжлэх ухааны нэр томъёог “энгийнээр ойлгоод” хүн загнаад байдаг болохоор ингэж байна. Яг эндээс зохион байгуулалтын зорилго хийгээд функци, үр дүнгийн үр ашиг, ажилтнуудын сэдэл хийгээд урамшуулал зэрэг асуудал дэвшин гарч ирнэ. Мөн энд “зүгээр” зорилго, зохион байгуулалтын зорилго хоёр ихээхэн ялгаатай гэдгийг бас л цохон дурдаж байна.

Хоёрдугаарт. Байгууллага нь хүний нийтлэг, социал өвөрмөц орчин юм. Энэ үүднээсээ байгууллага нь социал бүлэг, статус, хэм хэмжээний нийлбэр, түүнчлэн манлайллын болон эв нэгдэл-зөрчлийн харилцааны нийлбэр цогц болно.

Гуравдугаарт. Байгууллага нь захиргааны хийгээд соёлын хүчин зүйлсээр нөхцөлдсөн холбоо харилцаа, хэм хэмжээний бие хүнгүй бүтэц юм. Энэ утгаар байгууллага нь гадаад орчинтой харилцдаг, шатлан зохион байгуулагдсан, эвцэн ажиллах (агрегация) бүхэллэг юм. Энд тогтвортой байдал, өөрийн удирдлага, хөдөлмөрийн хуваарь, удирдагдах шинж зэрэг шинжүүд хамгийн чухал юм. Учир нь энд дурдсан шинжүүд харьцангуй бие даасан байдаг бөгөөд өөр хоорондоо эрс ялгаа байдаггүй. Ялангуяа манай практикт эдгээр нь шууд холилддог.

Хэрэв байгууллагын тухай ярих гэж байгаа бол энд дурдсан 3 шинжээр заавал авч үзэх ёстой. Яагаад гэвэл байгууллагын холбогдолтой ямар ч үзэгдэл, үйл явц эдгээр 3 хэмжигдэхүүн тус бүрт өөр өөр шинж чанараар илэрдэг. Ухаандаа байгууллага доторхи хүн гэхэд л нэгэн зэрэг ажилтан, хувь хүн, системийн элемент болж байдаг.


Дээр дурдсанаас байгууллага бол удирдах систем юм.

Удирдах систем гэдэг бол зорилго олох, зорилго дэвшүүлэх, төлөвлөх, удирдлагын шийдвэр гаргах, бүхэллэг байдлыг хангах, тодорхой хязгаарын хүрээнд хазайлтыг тогтоон барих, чадварлаг байдал (компетенци) хийгээд сахилга батыг хангах, үйл ажиллагааны үр дүнг гаргах буюу үнэлгээ өгөх, удирдлагын объектыг тавигдсан зорилго руу хөтлөн дагуулах замаар удирдуулж буй нийгэм буюу түүний дэд системүүдэд (байгууллагуудад-Х.Д.Г.) зорилго чиглэлтэй нөлөөлж байдаг нарийн нийлмэл, олон түвшинт, шаталсан зохион байгуулалтат систем мөн.

Ингээд онолын хэсгээ дуусгаад практикаа жаахан хөндөе.

Дээрэмчдийн бүлэг ба байгууллага
Ингээд “системийн онол” ойлгосон эсэхийг шалгана аа. Асуулт. Засгийн Газар байгууллага мөн үү ? Мөн байлгүй яахав. Мэдээж ш дээ…Тэгвэл дээрэмчдийн бүлэг байгууллага мөн үү ? ???????

Дээрэмчдийн бүлэгт байгууллагад байдаг бараг бүх шинж бий. Зорилго бий. Бүтэц бий. Зохион байгуулалт бий. Хөдөлмөрийн хуваарь буюу ажил үүргийн дээд зэргийн нарийн хуваарь бий. Сахилга бат зохион байгуулалтыг бол ярих юм биш. Хэрэв надаас хамгийн зохион байгуулалттай юмыг нэрлэ гэвэл би тэднийг л нэрлэнэ. Хэрэв хууль хуудасдаа хүрэх юм бол дээрэмчдийн дотоод хууль шиг шударга, хэлбэрэлтгүй биелдэг зүйл гэж үгүй. Албан тушаалын зэрэг дэвийг хатуу сахина. “Боловсон хүчнээ” мэдлэг чадвараар нь шударгаар дэвшүүлнэ. Баялгийг буюу орлогыг “ёс зүйн дагуу” шударгаар хэл амгүй хуваарилна. Хэрэв хэрүүл хэл ам хийвэл “бүтцийн өөрчлөлт” хийнэ. Ийнхүү дээрмийн бүлэг “бүтцийн өөрчлөлт” байн байн хийдэг бөгөөд ингэснээрээ түүний мөн чанарт өчүүхэн ч өөрчлөлт гардаггүй.
Тэгвэл “зүгээр” байгууллага, төрийн байгууллага, дээрэмчдийн байгууллагын ялгаа юунд байдаг юм ? гэсэн дараагийн асуулт гарна.

Байгаль нийгмийн баялгийг завшчихаад дуугай байсныг нь хулгайч дээрэмчин гэдэг, харин зөвтгөөд тайлбарлаад байгааг нь Засгийн Газар гэдэг…
Ийм болохоор л би социал байгууллагын тухай “онол” хальт хөндсөн юм.

Энэ асуудлыг олонхи монголчууд “онолын асуудал” гэж ойлгодог ч үнэн хэрэг дээрээ бидний хувь заяаны асуудал юм. Иймээс энэ асуудлыг хөндөх цаг нэгэнт болсон…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?