sonin.mn

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо 2014 оны 9 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд АСЕАН-ы Парламент хоорондын Ассамблей (АПХА - ASEAN Inter-Parliamentary Assembly)-н 35 дугаар Ерөнхий чуулган болов.

Лаосын Үндэсний Ассамблейн дарга бөгөөд АПХА-н Ерөнхийлөгч хатагтай Пани Ятодү Монгол Улсын Их Хурлыг энэхүү чуулганд зохион байгуулагч орны зочноор урьсны дагуу УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Ж.Батзандан нар чуулганы үйл ажиллагаанд оролцов.

Манай төлөөлөгчид Лаосын Үндэсний Ассамблейн дарга бөгөөд АПХА-н Ерөнхийлөгч хатагтай Пани Ятодү-тай уулзан УИХ-ын дарга З.Энхболдын захидлыг гардуулж, АПХА-н чуулганы хуралдаанд зочноор урин оролцуулж буйд талархаж, цаашид Монгол Улс нь АПХА-н Ажиглагч орон болох хүсэлтээ илэрхийлэв.

Найрсаг харилцаат Монгол Улсын Их Хурлыг анх удаа АПХА-н Ерөнхий чуулганд зохион байгуулагчийн хувьд урьж оролцуулж буйгаа хатагтай Пани Ятодү дурдаад, цаашид тус байгууллагын Ажиглагч болох манай хүсэлтийг АПХА-н Ерөнхийлөгчийн эрхийг хүлээн авч буй малайзийн талд уламжлахаа мэдэгдлээ.

Чуулганы үеэр УИХ-ын төлөөлөгчид Малайзын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Роналд Кианди, Филиппиний Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Г.Аггабао нартай уулзаж Монгол Улс АПХА-н Ажиглагч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж дэмжлэг хүссэний сацуу хоёр талын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн АСЕАН-ы орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга А.Мохтан болон ОХУ, Мьянмар зэрэг орны төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.

АСЕАН-ы Парламент хоорондын Ассамблей (АПХА) нь 1978 онд байгуулагдсан бөгөөд нарийн бичгийн дарга нарын газар нь Жакарта хотноо байрладаг. АПХА-н үндсэн зорилго нь АСЕАН-ны гишүүн орнуудын хооронд хийгээд АПХА-н Ажиглагч орнуудын парламентуудын харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлж, ойр дотно хамтран ажиллахад оршдог байна.

Энэ удаагийн чуулганд АПХА-н гишүүн 10 орон болон түүний Ажиглагч 12 орны төлөөлөгчид оролцож АСЕАН-ы Хамтын нийгэмлэгийг бүрдүүлэхэд Парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, ажлын 6 хорооны илтгэлийг баталж, Хамтарсан мэдэгдэл гаргаснаас гадна ажиглагч орон бүр АПХА-тай хоёр талын тусгайлсан уулзалт хийв.

АПХА-н 36 дугаар Ерөнхий чуулганыг 2015 оны 9 дүгээр сарын 6-12-ны өдрүүдэд Майлайз Улсад зохион байгуулна.