sonin.mn

Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр тохиож байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд зөвхөн батлан хамгаалах салбараар зогсохгүй хоёр улсад холбогдох бусад олон сэдэвт асуудлаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.  

БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз энэхүү айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр хийж, зарим гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзана.

Мөн тэрбээр Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлэхээс гадна Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох болно.

Түүнчлэн БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлалын хүрээнд Архангай аймгийн нутагт байрлах Түрэгийн хөшөө, дурсгалын цогцолбор, нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Тоньюкукийн хөшөө, Цонжин Болдогт байрлах Чингис хааны дурсгалын цогцолборт зочилно.