sonin.mn

Манайд төдийлөн идэвхтэй хөгжөөгүй шувууны аж ахуйг тэлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар хувийн хэвшлийг бодлого, хөрөнгөөр дэмжсэнээр сүүлийн 2 жилд өндөгний үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэж, тахианы махны үйлдвэрлэл бий болж, шувууны тэжээлийн импортыг 40 хувь буурууллаа гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэллээ.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өндөг, тахианы мах үйлдвэрлэгч 4 компанид 8.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол ҮХААЯ-ны дотоодын эх үүсвэрээс 11 аж ахуйд 160 сая төгрөгийн зээл өгчээ. Үүний үр дүнд улсын хэмжээнд шувууны аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани 550 мянган өндөглөгч тахиатай болж, Түмэн шувуут, НВЦ компаниудын аж ахуй дэлхийн жишигт хүрлээ.

Дотоодын үйлдвэрүүд өнгөрсөн онд 105 сая ширхэг өндөг, 200 гаруй тонн тахианы мах үйлдвэрлэн хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн бол энэ онд шинээр томоохон цогцолбор үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Жилд 170 сая ширхэг өндөг хэрэглэдэг Монгол Улс 3 жилийн өмнө дийлэнхийг нь импортоор авч байсан бол өнөөдөр 40 хувь болж буурлаа.

Гэхдээ нэг иргэнд жилд 50 ширхэг өндөг ногдож байгаа нь хөгжилтэй орнуудаас 3 дахин бага үзүүлэлт учир өндөгний үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлж, 370 сая ширхэгт хүргэх шаардлагатай. НВЦ компанийн саяхан нээгдсэн “Баян шувуу” аж ахуйн цогцолбор 2018 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд гаднаас өндөг импортлох бараг шаардлагагүй болно. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийнхэн шувууны тэжээлийн үйлдвэрүүд барьж, импортод сард зарцуулдаг 17 тэрбум төгрөгийнхөө 40 хувийг хэмнэж эхэллээ гэж ҮХААЯ-ныхан танилцууллаа. Өнөөг хүртэл шувууны тэжээлийн 90 гаруй хувийг өмнөд хөршөөс импортолж байжээ.

Махны чиглэлийн аж ахуйн тухайд, жилд 1 сая дэгдээхэй бойжуулах, цагт 2000 шувуу нядлах, шувууны тэжээл үйлдвэрлэх иж бүрэн цогцолборыг "Ажигана" компани Налайх дүүрэгт шинээр ашиглалтад оруулжээ.

Махны чиглэлийн анхны томоохон энэ үйлдвэр өнгөрөгч оноос эхлэн “Оргио” нэрийн тахианы 1600 тонн мах, махан бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэдэд нийлүүлж байна. "Тахианы махан бүтээгдэхүүний импортыг 15 хувь бууруулсан манай үйлдвэр ирэх жилийн 10 дугаар сар гэхэд хүчин чадлаа 2 дахин нэмнэ" гэж компанийн төлөөлөл нь хэллээ.

Төр бүтээгдэхүүний үнэд хязгаарлалт тавихгүй ч эдгээр бодлого, дэмжлэгийн нөлөөгөөр өндөг, тахианы махны үнэ үе шаттайгаар буурна гэж ҮХААЯ тооцоолж байна. Цаашид шувууны аж ахуйн ариун цэврийн дэглэмийг сахиулах, вакцинжуулалтыг үнэгүй хийх зэрэг ажлыг салбар хариуцсан яамнаас хэрэгжүүлнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.