sonin.mn

УИХ-ын дарга асуудалд танай, манай гэж хандах ёсгүй

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд Засгийн газрын бүт­­цийн шинэ таамаг төлөвлөгөө гар­сан. Таны хувьд гүйцэтгэх за­саг­лалд өөрчлөлт оруулах асуу­далд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би аливаа асуудлыг олон талаас нь харахыг хичээдэг. Сө­рөг хүчний хувьд цөөнхийн байр суу­риа илэрхийлж, асуу­далд шүүмжлэлтэй хандаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас бодит байдлуудыг ха­рах ёстой.

“Эзэн-100” хөтөл­бөрийн хэ­рэгжилт хэр байв гэх зэр­гээр асуудлыг хий­сэн болон хий­хээр төлөвлөгдсөн аж­луудын үр дүнгээр хэмжих хэрэгтэй. Засгийн газрын бүт­цийн тухайд “Эзэн-100” хөтөлбөр, сөрөг хүчний тавьсан шаардлагатай хол­боотой, төрийн данхар бүтцийг хумих, тодорхой сайд нартай хариуцлага тооцох нь гэсэн олон өнцгөөс харж болохоор байна.

Түү­нээс Засгийн газрыг бу­­жигнуулж, тогтворгүй бол­госноор улс, эх орны эдийн засаг сайжирна гэ­вэл цаг хугацаа алга. Үндсэндээ жил хагасын дараа ард олон Засгийн га­зар байтугай УИХ-д дүн та­вина шүү дээ.

Хоёр хөршийн төрийн тэргүү­нүүдийн айлчлалтай холбоотойгоор бүтээн бай­гуулалт, дэд бүтцийн га­цаанд орчихсон байсан нэлээд асуудлыг урагшаа дорвитой ал­хахуйц бо­ломж харагдаж эхэл­сэн энэ үед Засгийн газрыг огцом эргэлт хийлгэж, хөдөл­гөөнд оруулах нь зохистой үйлдэл яав ч биш.

Мэдээж Ерөнхий сайдын хувьд нэгийг бодож, хоёрыг тун­гаасан байх. Зөвхөн өөрийн­хөө хүрээнд ч биш. Каби­нетынхаа сайд нар бо­лон нам дотроо ярилцах байдлаар нэлээд нухацтай хандсаны эцэст шийдвэр гаргаж байгаа байх.

-Гэхдээ л засагт хөдөлгөөн орох нь тодорхой болчихлоо шүү дээ?
-Дан, давхар дээлийн асуудал, сайд нарт хариуцлага тооцох механизм зэрэг нь хаврын улстөржилт болж хувирсан. Бид түүнээс зөв зүйтэй зүйл үлдээгүй гэдгийг бодитойгоор харж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед цаг хугацаа алдсанаас, гарц гаргалгаагаа олоогүй.

Үндсэндээ хэт их улстөржилт, хөөрөгдөл, ашиг хонжоо хайсан, амин хувиа хичээх байдал эцсийн дүндээ төр, ард олны амьдралд сөрөг нөлөөтэй гэдгийг “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүдийн зүгээс дүгнэж, үүрээ эвдүүлэхгүй байх зарчмыг баримталж ирсэн.

-Хамтарч төрийн эрх барьж байгаа болохоор хамаагүй гооч­лоод байж болохгүй гэсэн байр суурьтай байна уу?
 -Бид хамтарч байгаа гэдэг утгаараа Засгийн газрын алдаатай зүйлийг хараагүй, мэдээгүй мэт алгаа ташиж, дагаж далдаганаагүй. Алдаатай асуудлуудад нь шүүмж­лэлтэй хандаж, ахиц дэвшилтэй яваа үйлдлүүдийг нь дэмжиж, урам зориг өгөх байдлаар явж ирсэн.

-“Шударга ёс эвсэл”-ийнхэн Зас­гийн газартай хамтрахдаа то­дор­хой квотын дагуу сайдуудаа томилсон. Энэ утгаараа “муу юм холуур” өнгөрнө хэмээгээд дуугүй байхыг илүүд үзээд байгаа юм биш биз?
-Зөвхөн квоттой холбоотой асуу­дал биш. Намууд дотроо асууд­лаа нэлээд нухацтайгаар шийдэх байх.

-УИХ-ын чуулганы завсар­лагаанаар гишүүдийг найр, наа­дам хэслээ гэх шүүмж­лэл их байдаг. Гэхдээ тойргоос сон­гогд­сон нь тухайн орон нутагтаа ажил­ладаг. Харин парламентад жагсаалтаар орж ирсэн гишүүд бол тойроггүй учраас наадам алгасахгүй амардаг гэсэн бодол бий. Таны хувьд чуулганы завсарлагаанаар юу, ямар ажил амжуулсан бэ?
-Би ч гэсэн парламентад ороо­гүй байхдаа гишүүд чуулган завсарлагаанаар юу хийдэг юм бол, тойрогтоо ирж ажиллахгүй, баяр, наадам хэсээд явчихлаа гэж боддог байсан.Гэхдээ яг дотор нь ороод ажиллаад ирэхээр өөр байдаг юм байна. Би өөрийгөө жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон гэхээсээ өмнө илүү хариуцлагатай байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл тойргоос сонгогдсон гишүүн бол зөвхөн тухайн хэсгийн л төлөөлөл.

Харин жагсаалтынхан бол бүхэл бүтэн 21 аймаг, есөн дүүргийн сонгогчдын манай намд, тухайн жагсаалтад байгаа хүмүүст өгсөн саналаар парламентад орж ирсэн гэсэн үг. Жагсаалтаар ги­шүүн боллоо гээд тэрхүү өргөн утга, агуулгыг нь бүдгэрүүлж, алдаг­дуулж болохгүй. Нам тухайн хүнээ дүгнэж, үнэлж, ард түмний төлөө ажиллана гэж итгэж, найдаж жаг­саалтад оруулдаг. Өөрөөр хэлбэл намын бодлогоор оруулсан.

Би Чингэлтэй дүүргийн намын хороо­ны дарга байсан. Тэр утгаараа зөвхөн чингэл­тэйчүүдийн өмнөөс ажиллана гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт. “Шударга ёс эвсэл”-ийн жагсаалтад Баянсэлэнгэ, Улаан гэж хүн байгаа шүү гэх зэргээр дүгнэж, гайгүй хэдэн суудал аваад ирэх байх гэсэн бодлоор саналаа өгсөн нийт иргэдийн дуу хоолойг илэрхийлэх гэж хичээн ажиллаж байна.

Тэр ч утгаараа өнгөрсөн үед Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Дун­говь аймгуудад ажиллаж намын болон УИХ-ын гишүүний хувиар олон нийттэй уулзаж, санаа бодлыг нь сонсч, дараа дараагийн төлөвлөгөөгөө гаргалаа.

Ер нь УИХ-ын гишүүн найр, наадам хэсээд байгаа мэт харагдавч хаа яваа газраа иргэдийнхээ үгийг сонсож, санал бодлыг нь байнга тунгааж явдаг. Тэгэхээр заавал наадам хэссэн гэдэг утгаар нь хардаг байдлаа багасгах хэрэгтэй. Мэдээж хүн л юм чинь тодорхой хэмжээгээр амралтаа эдлэж, эрч хүчээ сэлбэн дараагийн ажилдаа өөрийгөө бэлт­гэх шаардлагатай.

-Орон нутагт ажилласан хүний хувьд иргэдийн амьдрал ахуй хэр байна. Эдийн засгийн хямрал айл, өрхийн төсөвт илүү хүнд тусдаг шүү дээ. Өнгөрсөн хоёр жилд амьдрал хэр өөрчлөгдсөн байна?
-Түүх түүхээрээ л дуусдаг. Түүнийг хэн ч мушгин гуйвуулж болохгүй. Олонх хүн өмнөх Зас­гийн газрын үед ямар байв, одоо хэр байна гэх зэргээр асуудлыг харьцуулалтаар дүгнэдэг. Харин би ямар цаг үед ажил авч, хэр ажил­лаж, гүйцэтгэж байгаагаар нь дүг­нээсэй гэж боддог. Өмнө нь тодорхой хэмжээний хүндрэлтэй асуудлууд байсан.

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэт­гэмжээ авах гэж хүлээдэг, ду­гаар­ладаг байлаа. Мөнгөний үнэ, ханш өссөн, буурсантай хол­боо­тойгоор өнөөдөр эдийн засагт хүнд­рэлтэй асуудал тулгарч эхэл­сэн. Үүнийг үгүйсгэхгүй. Гагц­хүү энэ байд­лаас Засгийн газар нь хэрхэн гарч байна. Гүйцэтгэх з­а­саг­лал бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлж ча­даж байгаа эсэхээс тухайн цаг үе тодорхойлогдоно.

Эдийн засгийн хувьд өмнөхөөс илүү хүндрэлтэй үе тулгарч, өрхийн амьдралд ачаалал ирж байгаа нь үнэн. Тиймээс гүй­цэтгэх засаглал асуудлыг нухац­­тайгаар авч хэлэлцэн, гүй­цэл­дүүлэх нь чухал. Аль ч нийгэм түү­­хийн үед эргээд харахад сайхан зүйл байдаг учраас одоогийнхдоо бодитоор хандах хэрэгтэй.

-Ирэх сарын 1-нээс УИХ-ын нам­рын чуулган эхэлнэ. Энэ түрүүнд ямар ажил төлөвлөсөн бол?
-Мэдээж өөрийн болон бүл­гээс санаачилсан хуулийн төс­лүүдээ амжилттай хэлэлцүүлж, бат­луу­лахын төлөө ажиллана. Сүүлийн үед УИХ-д тухайн хуулийн автор нь хэн бэ гэдгээс шалтгаалж хэлэлцээд байна. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төс­лийг л гэхэд Ерөнхийлөгч санаа­чилбал л хэлэлцэгдэх мэтээр ойлгогдох болсон.

Мөн Өршөөлийн тухай хуулийг олон нийт маш их хүлээж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төсвийг хэмнэх үүднээс анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан гэм хороо арилгасан хүмүүст төрийн хайр энэрлийг үзүүлье, алдсан дээр нь мэргэшүүлж хэрэгтэн бол­гох бус алдаан дээр нь уучилж, дахин алдахгүй байх боломж ол­гохын тулд энэ хуулийн төслийг санаачилсан.

Гэтэл автороосоо бо­лоод гацчихсан байх жишээтэй. Ард түмэн хэрэгтэй гэдгийг нь мэдэр­чихсэн учраас хүлээж байна шүү дээ. Энэ мэт­чилэн хуулийн төслүүд УИХ дээр бий. Бид парламентад нэгэнт олонх болж чадаагүй. Гэх­дээ ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх юмсан гэсэндээ илүү идэвхтэй, мэрийж ажиллах болно.

-Сөрөг хүчнийхний өргөн барь­сан хуулийн төслүүдийг хэ­лэл­цэхгүй хойш тавиад байна гэдэг нь үнэний ортой байх нь ээ?
 -Үүнтэй санал нэг байна. Са­наачилсан авторт асуудал их бий. Шинэ, хуучин эсвэл баян хоосон, өмсч зүүсэн, нийгмийн давхаргаар нь л ялгаварладаггүй юм бол УИХ-ын гишүүд бүгд ижил, тэгш эрхтэй. Түүнээс УИХ-ын гишүүний гарын авлагад олон удаа парламентад сонгогдсон хүний санаачилсан хуулийн төслийг тү­рүүлж хэ­лэл­цэнэ гэсэн заалт бай­даггүй учраас асуудалд адилхан хандах ёстой.

УИХ-ын дарга гэдэг хуулиараа хурал­дааныг дэгийн дагуу явуулах учиртай. Түүнээс биш асуудалд танай, манай гэж хандах ёсгүй.

-УИХ-ын гишүүд хууль са­наачилж батлаад л байдаг. Гэвч тэдгээр нь үнэхээр амьдралд хэрэг болж, аливаа асуудлыг зохи­цуулахын тулд байна уу. Эсвэл олон нийтэд таалагдаж, “арьсаа” хамгаалахын төлөө санаачилсан төслүүд байна уу?
-Би хувьдаа арьсаа хамгаалах зарчмаар ажиллахыг боддоггүй. Гэвч ийм зарчим байгааг үгүйс­гэхгүй. Дараагийн сонгуулиар ялалт байгуулж, олонх болохын тулд иргэдэд таалагдахуйц хуулийн төсөл оруулж ирж байгаа нь ажиг­лагддаг. Хэт их намчирхаж, талцсан хэвээр байвал энэ асуудал үргэл­жилсээр л байна.

Миний хувьд олон нийтэд таалагдахуйц, лоббид­сон хуулийн төслийг оруу­­­лаагүй. Тийм ёс зүй ч надад байх­­гүй. Би анх ги­шүүн болоод Нийгмийн бодлого, боловсрол, шинж­лэх ухааны байнгын хо­роо­ны даргаар ажилласан. Тэр үе­дээ өмнөх парламентаар хэлэл­цэж, бат­лагдаагүй үлдсэн хуулийн төс­лүүдээс ард олонд хамгийн хэ­рэг­тэйг нь эхний ээлжинд урагш­луулсан. Зарим нь одоо ч гацаалттай хэвээр байгаа.

Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Олон хүү­хэд төрүүлсэн эхэд урамшуулал олгох тухай, Оюунхорол нарын гишүүд өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль гээд тоолбол үлдсэн нь бий.

-Тэгж үлдсэн буюу өмнөх пар­ламентад өргөн барьсан ч энэ УИХ-аар батлагдсан нь Тамхины хяналтын тухай хууль байх аа?
-Тийм ээ. Өмнөх УИХ-ын үед өр­гөн барьсан хуулийн төсөл. Ту­хайн үедээ Нийгмийн бод­лого, бо­ловсрол, шинжлэх ухааны байн­­гын хороогоор хэлэлцэгдэж амжаагүй байсан юм.

-Ихэнх хүн Л.Эрдэнэчимэг ги­шүүн санаачилсан мэт ойлгодог?
 -Л.Эрдэнэчимэг гишүүн хуу­лийн төслийн ажлын хэсгийг л ахалж ажилласан. Тиймээс л олон нийт андуурдаг байх.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: