sonin.mn

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Оюу­толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг есдүгээр сарын 30-наас өмнө шийдэхээр хоёр тал чармайн ажиллаж байна. Ер нь хоёр тал тохиролцоонд хүрнэ гэсэн итгэл байгаа” гэсэн билээ.

Оюутолгойг биечлэн хариуцдаг салбарын сай­дын хувьд одоогоор хоёр асуудал л шийдвэрлэх дутуу үлдсэнийг ч дуулгасан. Тэд­гээр асуудал нь нэг­дүгээрт Оюутолгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудал. Далд уурхайн бүтээн байгуу­лалтын ажил гэрээний дагуу хийгдэхээр тусгагдсан. Аж­лаа эхлэхийн тулд “Оюу­толгой” ХХК ТЭЗҮ-д тодотголоо боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­лөлөөр хэлэлцүүлж бат­луулах учиртай. Эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгсөн. Шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Хоёрдугаарт Татварын маргаантай асуудал. Энэ бол Татварын ерөнхий га­зар, “Оюутолгой” ХХК хоо­рондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохи­цуу­лагддаг. Энэ асуудлаар хоёр тал ойл­голцлоо нэгт­гэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байна.

Дээрх хоёр асуудлыг шийдчихвэл Оюутолгой төс­­лийн дараагийн үе шат эхлэх боломжтой болно” хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид хоорондын маргаан энэ сарын дундуур арбитрын шүүх дээр очих хүртлээ хүндэрсэн. Харин ямар то­хиролцоо хийгдсэнийг одоохондоо тайлбарлах аргагүйгээр тэрхүү маргаан намжчихлаа.

Ямартай ч Рио Тинто­гийн зүгээс Засгийн газ­рыг “Арбитрын шүү­хэд дуудна шүү” хэмээн сүр­дүүлсэн талаар “Bloomburg” мэдээлсэн. Оюу­толгой компани 130 сая ам.долларын татвар төлөө­гүй гэдгийг татварын бай­гууллагын шалгалтаар тог­тоож, уг татварыг Мон­голын талаас нэхэм­жилсний дараа “асуу­дал” ийн хурцадсан. Үүнтэй холбоотойгоор Мон­голын тал 34 хувиа алдах вий гэх болгоомжлол ч хүртэл үүсч байсан.

Гэтэл сүүлийн үед албаны зарим хүний амнаас хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрэхэд тун ойртсон талаар үг унах боллоо. Хэрвээ бүх зүйл сайнаар эргэж Оюутолгойн асуудал шийдэгдвэл дөрвөн тэрбум ам.долларын хө­рөнгө оруулалтын урсгал ши­нээр бий болно. Энэ нь ам.долларын ханшид эерэгээр нөлөөлөхөөс гадна, Монгол Улсын эдийн зас­гийн сэргэлтэд ч тодорхой үүрэг гүйцэтгэх нь мэдээж.

Нөгөөтэйгүүр Оюутолгой төсөл Тавантолгойн цахил­гаан станц төсөлтэй хамт­ран ажиллах гэрээг үзэг­лэчихээд байгаа. Ингэс­нээр Оюутолгой төсөл Таван­толгойн цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчийг худалдан авах нь тодорхой болсон. Тэгээд ч “Рио Тинто” группийн зэсийн бүлгийн захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний энэхүү гэрээ нь Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид нэгдмэл, нэг зорилгын төлөө ажиллаж чадна гэдгийн илэрхийлэл мөн” хэмээсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон хөрөнгө оруу­лагчид хоорондын хэлцэл харьцангуй амжилтад хүрч эхэлснийг Рио Тинтогийн захирлын хэлсэн үг тодотгож байгаа юм.

Ямартай ч хоёр жилийн турш гацсан Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт шийдэгдэх тун ч ойртож байгаа бололтой. Харин яг хэзээ вэ.

Д.Түвшин

Эх сурвалж: