sonin.mn

СӨҮЛ. /ITAR-TASS/. Умард Солонгос тактикийн цөмийн зэвсэг тээх чадалтай шинэ пуужин бүтээж байна. Энэ тухай “Чунан ильбо” сонинд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллийг иш татан тус сонинд мэдээлснээр, Умард Солонгос KN-10 ангиллын ойрын тусгалын шинэ пуужингийн цуврал туршилтыг энэ наймдугаар сарын 14-нөөс явуулж эхэлсэн байна. Шинэ систем нь цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай гэж Сөүлийн эрх баригчид үзэж байгаа ажээ.

Цаашид цөмийн зэвсгийн туршилтаа зогсоохыг Европын Холбоо /ЕХ/ БНАСАУ-аас урьд нь шаардсан юм. Энэ тухай Италийн Гадаад хэргийн сайдын орлогч Бенедетто Делла Ведова даваа гарагт буюу есдүгээр сарын 22-нд МАГАТЭ-гийн Ерөнхий бага хуралд ЕХ-г төлөөлөн үг хэлэхдээ мэдэгджээ.

“Цөмийн зэвсгийн туршилт явуулж буйг болон шинээр туршилт явуулах тухай мэдэгдлийг ЕХ буруушааж, цаашид өдөөн хатгасан үйлдлээсээ татгалзахыг Умард Солонгосоос шаардсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, Пхеньяны эрх баригчдын үйлдэл нь “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ, олон улсад хүлээсэн үүрэг болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна”.  “Хориг арга хэмжээ авах замаар цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх шаардлагыг биелүүлэхгүй байх нь уршиг дагуулна гэдгийг харуулахын тулд ЕХ гол түншүүдтэйгээ хамтран ажиллана” гэж Италийн Гадаад хэргийн орлогч сайд дүгнэн хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг