sonin.mn

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн хүрээнд ямар ажил хийж байгаа талаар БОНХЯ-ны Усны мониторинг зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэмээс тодрууллаа.

-Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоол баталсан. Уг тогтоолоор нөөц ашигласны төлбөр хэрхэн нэмэгдсэн бэ?
-Ашигт малтмал олборлогч нэг шоометр ус ашигласныхаа төлөө нийт сав газруудын дунджаар тооцоход ойролцоогоор 561 төгрөг 90 мөнгөний төлбөр төлнө. Харин аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол 176 төгрөг 60 мөнгөний төлбөр төлөх юм.

Барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бол 103 төгрөг 30 мөнгө, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлнө. Нэг ёсондоо аж ахуйн нэгж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйгаас хамааран усны нөөц ашигласны төлбөр төлдөг.

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор шинэчлэн баталсан. Хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлнө.

Хэн үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй ашиглана төдий чинээ бага төлбөр төлнө. Тогтоолын гол зорилго нь ердөө л үүнд орших бөгөөд төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, Сав газар тус бүрээр тооцон тогтоосон.

-Усны бохирдлыг бууруулах, усны нөөцийг бохирдлоос хамгаалах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэх усны бохирдлын хэмжээг бууруулах зорилгын хүрээнд ямар ажил өрнүүлж байгаа вэ?
-Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль 2012 онд шинээр баталсан. Тус хууль усыг хэрэглээд хаягдал гаргаж байгаа, ус бохирдуулагчид хамаатай. Тиймээс бид маш өргөн хэмжээтэй судалгаа хийх шаардлага бий болсон.

Учир нь иргэн болгон ус бохирдуулсны татвар төлөгч болно. Түүнчлэн устай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж байгууллагууд татвар төлнө. Тиймээс эдгээр байгууллагууд ямар хэмжээний татвар төлөх, эргээд эдгээр байгууллагуудад ямар хэмжээний дарамт үүсэх, эдийн засагт нь хэр их нөлөөлөх зэргийг хамруулсан том хэмжээний судалгаа явуулсан.

Урьдчилсан байдлаар Монгол Улсад ус бохирдуулагч 50 гаруй мянган аж ахуйн нэгж байгааг тогтоосон. Түүнчлэн манай улсад ажиллаж амьдарч байгаа бүх иргэд орно. Тэгэхээр энэ бүгдээс тооцож төлбөрийг авах механизм боловсруулна гэдэг нэлээн өргөн ажил өрнөж байгаа. Энэ асуудал зөвхөн төлбөртэй холбоотой хэсэг юм.

-Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд хаягдлын сан байгуулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Ус бохирдуулаад тэр хэвээр нь байгальд хаявал нэгдүгээрт төлбөр тооцно, хоёрдугаарт стандарт хэмжээнээс гарсан хэсэгт нь нөхөн төлбөр тооцох ёстой. Энэ байдал нь аж ахуйн нэгж байгууллагад их бага хэмжээгээр эдийн засагт нь асуудал үүсэх болно.

Тиймээс цэвэршүүлэх үйл ажиллагаатай цэвэрлэх байгууламжтай болох ёстой. Ер нь ус ашигладаг томоохон байгууллагууд бүгд хаягдал гаргаж байгаа. Тиймээс бид эдгээр байгууллагуудад ус ашиглах дүгнэлтээр нь хэрэглэсэн усныхаа 60-аас доошгүй хувийг нь эргүүлж ашиглах даалгавар өгч байна.

Эргүүлж ашиглах гэдэг нь тодорхой хэмжээнд хэрэглэсэн усаа хуримтлуулаад эргэж ашиглахыг хэлнэ. Хуримтлуулж байгаа савыг хаягдлын сан гэж нэрлээд байгаа юм. Энэхүү хаягдлын санд тавих шаардлагууд бий.

Тухайлбал, агаарт хорт хий дэгддэггүй, хөрсөнд нэвчдэггүй байхыг шаарддаг. Ихэнх том компаниуд хаягдлын сантай болчихсон. Тиймээс усаа эргүүлэн ашиглаж байгаа гэсэн үг.

-Энэ жил хаягдлын сантай болж байгаа хэчнээн компани байгаа вэ?
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болсон. Эдгээр нь хоногт 100 шоометрээс дээш ус ашигладаг газрууд юм. Харин шороон орд угаадаг жижиг компаниудад цаашдаа хаягдлын сантай болох даалгавар өгсөн.

Үүний дагуу бүх байгууллага хаягдлын сайнтай болсон. Түүнчлэн “Урт нэртэй” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогссон.

-Голын дагуу ажиллаж байгаа ордуудын тухайд?
-Голын хажууд үйл ажиллагаа явуулаад байгаа компаниуд ихэнх нь хулгайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагуудад хаягдлын сан байхгүй. Тиймээс ч шороогоо угаагаад шууд л голд бохир усыг цутгаж байгаа. Тиймээс энэхүү үйл ажиллагааг хязгаарлах тал дээр нэлээн анхаарч ажиллах ёстой.

-Туул голын бохирдол их байгаа талаар сүүлийн хэдэн жил тасралтгүй ярьж байгаа. Гол бохирдуулагч хүчин зүйл нь юу байна вэ?
-Туул голд дээр төв цэвэрлэх байгууламж ажиллаад ачааллаа дийлэхгүй болчихсон энэ тохиолдолд голын ус бохирдож байгаа. Ер нь Туул, Сонгиноос цаашаа 140 орчим км хэсэгт бохирдолтой байна.

Олон жил ингээд бохирдолтой байсан болохоор сүүлдээ голынхоо ёроолын хөрсөнд бохирдлын элемент бий болчихсон. Тиймээс үүнийг цаашид бууруулах ажлыг өрнүүлж буй. Гол асуудал нь бохирдуулаад байгаа эх үүсвэрүүдийг хязгаарлах шаардлагатай байгаа. Ялангуяа түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс арьс, ширний боловсруулах үйлдвэрүүдэд зориулж “Харгиа” цэвэрлэх байгууламжийг байгуулсан. Гэтэл тухайн цэвэрлэх байгууламж нь ажиллахгүй байна. Үйл ажиллагаагаа явуулсан ч стандарт хэмжээнд хүртэл цэвэрлэж чадахгүй байгаа. Иймээс арьс, ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах шаардлага бий болж байгаа юм.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг