sonin.mn
Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн Facebook хуудастаа "Бүлтрэлт-2012" нэртэй бэсрэг бичвэр нийтлэснийг уншигч танд хүргэж байна.
 
 
Сонгогчдоос санал цуглуулах хамгийн сайн арга бол тэдний юу хүсч байгааг хэлэх. Энэ бол сонгуультай холбоотой улс төрийн ухааны үндсэн зарчим юм. 
Харамсалтай нь олон оронд сонгогчид хувь хувиа хичээхээс улс орон гэж сэтгэж чаддаггүй. Ямар сайндаа зарим эрдэмтэд нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам. долларт хүрээгүй орны сонгогчид “тэнэг” (гадаадын улс төр судлаачдын зүйрлэл ) байдаг тул ардчилал үр дүнгүй гэдэг.Улс төрийн намуудын сонгуулийн хөтөлбөр “тэнэг” сонгогчдод тааруулах гэсэн бүлтрэлт болдог. Хэн илүү бүлтэрсэн тэр нам илүү санал авдаг. 2012 онд намуудын бүлтрэлт, санал авсан хэмжээгээр дараалалд оруулж Сонгуулийн хөтөлбөрөөс нь жишээ авья.
 
 
АН :
 
1. “Аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулна. Үүнд: Жилд нэг сая тонн кокс боловсруулах үйлдвэр, Жилд 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр, Жилд 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай зэс боловсруулах үйлдвэр, Жилд 500 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэрийг тус тус байгуулна. Сайншандын бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтэц, 600-800 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, төмөр замын өртөө, автозамыг байгуулна. Сайншандад төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа байгуулна”
2. “Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц байгуулна”
3.“Дорнод, Зүүнбаян зэрэг газруудад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” 
 
МАН :
1. 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12000 ам.долларт хүргэнэ.
2. Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, дотоод аялагчдын тоог 500 мянгад хүргэнэ.
3. Бүтээснээсээ их бүтээнэ
 
МАХН-МҮАН: 
1. “Мянганы төмөр зам” төсөл боловсруулна
2. Сайн үйлс дэлгэрч, шударга ёс ялах болтугай
 
Өнгөрсөн түүхээ харахад Сонгуулиас сонгууль руу сонгогчддоо барьцаалагдсан намууд улам бүр бүлтэрч байлаа. “Бүлтрэлт-2012” оргил нь байсан хэмээн найднам. Эс бөгөөс “ямар ард түмэн байна тийм л төр байх болно” гэдэг гунигт үгийг бид нотлогчид болох буйзаа.
 
М.Энхсайхан