sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа 20 гаруй улсын сайд нартай хоёр талын уулзалтуудыг хийв.

Монгол Улсыг АПЕК–т элсэхийг Чили Улс дэмжихээ илэрхийллээ

Гадаад харилцааны сайд Л.Болд Чили, Перу Улсын Гадаад хэргийн сайд нартай Нью–Йорк хотноо уулзаж, манай улсыг АПЕК–ын гишүүнээр элсэхэд тус байгууллагын гишүүний хувиар дэмжих талаар зарим тохиролцоонд хүрлээ.

Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Хералдо Миноз Монгол Улсыг дэмжинэ гэдгээ албан ёсоор илэрхийлэв. Байгалийн арвин баялагтай, уул уурхайд суурилсан эдийн засагтай, тухайлан зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэхчилэн олон талаараа ижил төстэй хоёр улс хамтран ажиллах өргөн боломжтойг сайд нар онцлон ярилцав.

Монгол Улсыг хамаарсан Элчин сайдаар ажиллаж байгаад Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон ноён Гонзало Гутирезэд сайд Л.Болд баяр хүргэж, ойрын ирээдүйд хоёр талын харилцаанд үсрэнгүй дэвшил гарна гэж итгэж буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Туркменистан Улсад айлчлахыг урив

Мөн өдөр сайд Л.Болд Португали, Туркменистан улсуудын Гадаад харилцааны сайд нартай уулзаж хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжиж хамтран ажиллах тухай тохиролцов.Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов  Монгол-Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өнөөгийн шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын үүднээс Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн оронд албан ёсоор айлчлахыг урьсан талаар мэдээлж, өндөр дээд түвшний энэхүү айлчлалд бэлтгэх, эдийн засаг, эрчим хүч, тээврийн салбарт  тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран  хэрэгжүүлэх талаар Душанбе  хотноо  энэ сарын 11-12-нд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцсаныг ажил хэрэг болгох чиглэлээр санал солилцов.

Сайд Л.Болд Туркменистаны Гадаад хэргийн сайд Р.О.Мередовыг Монгол Улсад айлчлахыг урьснаа энэ үеэр нотлолоо.

Сент Люси Улстай дипломат харилцаа тогтоолоо

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Сент Люси Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Сент Люси Улсын Гадаад харилцаа, олон улсын худалдаа, иргэний агаарын тээврийн сайд Алва Р.Баптисте нар гарын үсэг зурлаа.

Сент Люси Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.   

Мөн энэ хүрээнд  Ботсвана, Маршалын арлууд, Бахама, Камерун, Нигерийн Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалтуудыг хийж дипломат харилцаа тогтоох, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах, талаар болон Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд дэмжлэг үзүүлэх талаар ярилцав.

Зарим орны сайд нартай ажлын уулзалтууд хийлээ

Сайд Л.Болд НҮБ–ын Чуулганы үеэр АНУ–ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ–ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Киргизстан, Тайланд, Сингапурын Гадаад хэргийн сайд нартай уулзаж ажил хэргийн тодорхой асуудлуудаар ярилцлаа.  

Тэрээр мөн НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын Нэгдсэн сангийн Нарийн бичгийн дарга А.Тревинотой уулзалт хийж тус сантай Монгол улс хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Тус сан нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 1946 онд байгуулагдсан бөгөөд олон улсын 24 байгууллагын 160 мянга гаруй ажилтанд тэтгэврийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг, 56 тэрбум ам долларын актив хөрөнгөтэй юм.