sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн  ажлын явцтай танилцлаа.  Чингис бондын эх үүсвэрээс шинэ төмөр замын суурь бүтэц, барилгын ажилд зориулан 200 сая ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээс 193,9 сая ам.долларын санхүүжилт хийгджээ.

“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төслийн гүйцэтгэгчээр “Samsung C and T” корпораци ажиллаж байгаа бөгөөд дотоодын 12 туслан гүйцэтгэгч компанийн 1700 гаруй хүн ажиллаж байгаа юм.   276 км замын газар шорооны ажил 76 хувь, гүүр хоолойн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төмөр замын ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, санхүүжилтийн бусад эх үүсвэр болон гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдыг шинэ төмөр замын төсөлд татан оруулахыг холбогдох албаны хүмүүст Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх тээвэрлэлтийн өртгийг хамгийн багаар бодоход 50 хувиар бууруулж, авто замаар тээвэрлэхэд үүсдэг байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах юм.

Энэ жилийн хувьд Тавантолгой уурхайн нүүрсний экспортын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд 2 сая тонн нүүрс экспортлож байсан бол өнөөдрийн байдлаар тус уурхай 4 сая тонн нүүрс экспортолжээ.

Энэ онд экспортын хэмжээг 7 сая тоннд хүргэх боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.