sonin.mn

ОХУ Монгол Улсаас мах худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр хөндөгдсөн билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын дараа тус улсын Хөдөө аж ахуйн хяналтын албаны төлөөлөл ирж манай улсын мах комбаниатууд болон Монгол малын эрүүл мэндийн байдалтай танилцсан байна. Энэ талаар ҮХАА-н дэд сайд Ц.Туваантай ярилцлаа.

-ОХУ Монгол Улсаас мах экспортлох сонирхолтой байгаа. Энэ хүрээнд ОХУ-аас ажлын хэсэг ирж мах комбинатуудад шинжилгээ хийсэн. Энэ талаар?

-ОХУ-ын Ерөхийлөгч В.В.Путины айлчлалын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д мах нийлүүлэх талаар ярилцсан. Үүнтэй холбоотой ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж энэ сарын 06-10-ны хооронд ОХУ-д ажлын айлчлал хийх болоод байна.

Үүний өмнө ОХУ-аас малын эмч, хяналтын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ирж, Улаанбаатар болон орон нутагт байгаа мах комбинатуудыг магадлан итгэмжлэх эрсдлийн үнэлгээ хийж, орон нутагт ажиллаж Монгол Улсын малын эрүүл мэнд болон малаа эрүүлжүүлэх тогтолцооны талаар ерөнхий мэдээлэл аваад буцсан.

Ажлын хэсгийн өгч байгаа мэдээллээр ОХУ үхэр болон адууны мах авах сонирхолтой байгаа юм байна. Манай орны хувьд энэ хоёр төрлийн махыг их хэмжээгээр экспортод гаргах боломж байхгүй. Нийтдээ 50 сая гаруй малын дийлэнх нь хонь, ямаа тул бид богийн мах нэмж экспортлох  санал хүргүүлж байгаа. Энэ асуудал ҮХАА-н сайдын айлчалын үеэр шийдэгдэх байх.

-Шинжээчдийн зүгээс манай улсын мах бэлтгэл, малын эрүүл мэндтэй холбоотойгоор хэд хэдэн зөвлөмж хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарсан?

-Бидэнд ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй. ОХУ-д очоод эцсийн шийдвэрээ гаргаж, бидэнд албан ёсоор танилцуулах байх. Мах экспортлох бол олон улсад мөрдөж буй эрх зүйн баримт бичигүүд, олон улсын стандарт, нормм нормативыг хангах асуудал яригдаж байгаа.

Хамгийн эхнийх нь малын эрүүл мэндийн асуудал яригдана. Мал эмнэлгийн чиглэлээр манай улс гадаад орнуудтай хамтран ажиллаж, дотоодынхоо түвшинд нэлээд ажилг зохион байгуулдаг. Энэ ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, ялангуяа ОХУ-тай хиллэж байгаа бүс нутгуудаар мал эмнэлгийн ажиллагааг сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Монгол Улс зөвхөн бодын мах биш богийн мах нэмэх, зөвхөн түүхий мах бус дулааны аргаар боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлчээрлэсэн малын мах экологийн цэвэр түвшинд хүрэхэд маш ойртсон.

-Монгол Улс ОХУ руу жилд хэдэн тонн мах нийлүүлэх боломжтой вэ?

-Хоёр улсын хооронд мал амьдаараа мөн мах хэлбэрээр гаргасан туршлага их. Их хэмжээний мах амьдаараа мөн гулуузалсан хэлбэрээр гарч байсан. Мөн лаазалсан бүтээгдэхүүн ч нийлүүлж байсан туршлага бий. ОХУ руу мах нийлүүлдэг 10 гаруй компани бий.

Энэ жил 30 мянган тонн мах нийлүүлэх боломжтой. Цаашид мах нийлүүлэх ажлыг үе шаттай хөгжүүлснээр 2016 он гэхэд 80 мянган тонн махыг нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа бий.

-ОХУ руу мах нийлүүлэх компаниуд нэн тэргүүнд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Компаниуд гэхээсээ илүү 2 улсын мал эмнэлгүүдийн хооронд асуудал үүсдэг. Үүнийг төр зохицуулах хэрэгтэй. Мал эмнэлэгийн асуудлыг өндөр түвшинд хамтран шийдэх, гаалийн тариф хөнгөвчлөх хэрэгтэй. Энэ нөхцөлүүдийг бүрдүүлсэн тохиолдолд хувийн хэвшлийн байгууллагууд мах нийлүүлэх ажлыг өөрсдөө хөтлөөд явах бүрэн боломж байгаа.

-Монгол малыг эрүүлжүүлэх талаар ОХУ-тай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-ОХУ-тай байнга хамтран ажилладаг. Тухайлбал, гурван жилийн өмнө 40 сая тун шүлхийн вакцин үнэ төлбөргүй өгч байсан. Мөн мал эмнэлэгт ажиллах автомашин, тоног төхөөрөмж нийлүүлж байсан.

Энэ жилээс бид мах нийлүүлэхтэй холбоотойгоор мал эрүүлжүүлэх ажлын дараагийн шатыг эхлүүлэх, хамтран ажиллах санал хүргүүлсэн. Удахгүй хариу ирүүлэх байх. Ер нь ОХУ-д мал эмнэлгийн салбар маш сайн хөгжсөн. Тиймээс малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллавал хурдан хугацаанд үр дүнд хүрэх боломжтой.

-Баруун бүсийг эрүүл бүс болгох ажил зогсолтод орсон. Энэ ажлыг хэзээнээс үргэлжлүүлэх вэ?

-Манай улс баруун бүсийн долоон аймгийг вакцингүй, шүлхийгүй,  эрүүл бус болгох зорилт тавьж ажиллаж байсан. Харамсалтай нь өнгөрсөн оны зургадугаар сард Баян-Өлгий аймгийн 2 суманд гарсан шүлхийгээс шалтгаалан энэ асуудал түр хугацаагаар хойшилсон.

Гэхдээ бид дахин баруун бүсийн аймгуудын хонь, ямаа, үхрийн цуснаас ийлдэсийн шинжилгээ авч байгаа. Энэ шинжилгээгээр шүлхийн урвал эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээс их зүйл шалтгаална. Эндээс бүгд сөрөг гэсэн дүн гарвал бид Дэлхийн мал, амьтаны байгууллагад манай улсын баруун бүсийг шүлхийгүй, вакцингүй бүс болгох ажлыг үргэлжлүүлэх, нэг жилийн дотор эцэслэн шийдвэрлэх санал хүргүүлнэ. Ер нь өвчин гарсан бүс нутгаас 3 жилийн дотор мах гаргах хориотой байдаг.

-ОХУ руу бүтээгдэхүүн нийлүүлэхэд гаалийн татвар нэлээд өндөр байдаг?

-ОХУ руу бүтээгдэхүүн нийлүүлэхэд 25-38 хувийн гаалийн татвар төлдөг. ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийн айлчлалын үеэр яригдах гол асуудлын нэг бол гаалийн татвар юм. Өөрөөр хэлбэл, ОХУ рүү мах нийлүүлэхэд төлөх гаалийн татварыг тэглэх, эсхүл бууруулж чадвал мах нийлүүлэх үйл явц хурдасах, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулахад томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа. Манай нийлүүлэгчид ч, ОХУ-д ч ашигтай.

-Та яриандаа дулааны аргаар бүтээгдэхүүн нийлүүлэх талаар дурьдсан. Гэхдээ ОХУ түүхий мах худалдан авах хүсэлтэй байгаа?

-Өмнө бол манай улсаас  ОХУ руу мах нийлүүлээд тэндээ дулааны аргаар боловсруулдаг байсан. Тэгэхээр ОХУ иргэд манай улсын лаазалсан бүтээгдэхүүний чанарыг мэднэ гэсэн үг.

Монгол Улс хүчин чадал нь байвал дотооддоо дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өртөг шингээгээд гаргавал ашигтай. Мэдээж худалдан авагч талын хүсэлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Гэхдээ аливаа улс бүтээгдэхүүн гаргахдаа аль болох өртөг шингээхийг боддог.

-Манай улс хэдэн орон руу мах нийлүүлдэг вэ?

-Өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, БНСУ-ад мах нийлүүлж байна. Мөн Арабын хонины мах түлхүү хэрэглэдэг улсууд руу богийн мах нийлүүлж байгаа. Гэхдээ хэмжээ бага. БНХАУ руу адууны мах илүү нийлүүдэг. Энэ улсууд руу мах нийлүүлэхдээ мал эмнэлэг, хорио цээрийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байдаг.

Манай улс БНХАУ-тай мал эмнэлэг, хорио цээрийн талаараа харилцан тохиролцож чадаагүй байгаа учраас түүхий мах буюу хагас боловсруулсан мах нийлүүлдэггүй. Зөвхөн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Ази тивийн зарим орнууд богийн мах авах хүсэлтээ ирүүлж байгаа. Тиймээс энэ зах зээл рүү мах гаргах сонирхолтой. Албаны түвшинд ажиллаж байгаа.

-Монгол Улс жилд хэдэн тонн мах гадаад зах зээлд гаргах боломжтой вэ?

-Бид жилд 5 сая толгой мал экспортод гаргах боломжтой гэсэн онолын тоо гаргасан. Манай улс жил дотоодынхоо хэрэгцээнд 200 мянган тонн орчим мах хэрэглэдэг. Хэрэв зах зээл нь олдоод байвал махыг хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн даацаа сайжруулах хэрэгтэй. Малыг хэт хадгалж хөгшрүүлэх бус байнгын эргэлтэд оруулах сонирхолтой байгаа.

Ч.Ариунболд | Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг