sonin.mn

УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараагаар улс орны өмнө чухлаар тавигдаад буй зарим асуудлаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Намрын чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ намрын чуулган УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үе шат гэж ойлгож байна. Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн суурь өөрчлөлтүүдийг бүрэн хийж дуусгах хугацааны чуулган болно гэж ойлгож байна. Бидний төсөөлж байгаагаар энэ удаагийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол хоёр орны хөрштэй хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу төмөр замын асуудал байна.

Улс орны эдийн засгийн асуудалтай холбоотой чухал суурь хуулиуд үлдэж байгаа. Ялангуяа бизнесийн орчныг бүрэн чөлөөлөх, төрийг бизнесийн орчинд хутгалдахаас татгалзах эрхзүйн орчныг бүрэн дуусгах асуудлууд шил шилээ дараад хүлээгдэж байна. Улс төрийнхөө хүрээнд ч гэсэн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг нэг тийш нь болгох чухал чуулган болно гэж харж байна.

Мөн үүний дараагаар төсөв орж ирж байна. 2015 оны төсөв хэдий хүнд байгаа ч хамгийн бага зардалтай, гэхдээ цалин мөнгөний асуудлаа нэг тийш нь шийдсэн, замбараагүй хөрөнгө оруулалтын асуудлыг нэг тийш нь болгосон ийм төсөв байгаасай гэж хүсч байна. Ер нь төсвийн эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулья гэж байгаа. Ирэх оноос эхлээд орон нутагт эрх мэдлийг нь арай илүү түлхүү өгнө.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаар ямар мэдээлэлтэй  байна вэ?

-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдээлсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө мэддэг учраас энэ өөрчлөлтийг оруулж ирнэ.

Цаг хугацааны хувьд хэзээгээр вэ гэдгийг ярилцах хугацаа байгаа гэж бодож байна. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг оруулж ирсний дараа намынхаа бүлгээр энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

-Бүтцийн өөрчлөлтийн талаар тодорхой зураг гараагүй байгаа гэсэн үг үү?

-Ерөнхий сайд УИХ-д бүтцийн өөрчлөлтийн төслийг өргөн бариагүй учраас бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ ойрын хугацаанд энэ асуудлыг оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байна.

-Яамдыг буцааж нэгтгэх тухайд та ямар саналтай байна вэ?

-Бүтэц өөрчилнө гэдэг нь орон тоог нэмэх, хасах тухай ойлголт биш. Өнөөгийн улс төр, эдийн засгийн суурь өөрчлөлтөд тулгуурлагдсан бүтэц байх ёстой.

-Чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд төмөр замын бодлогын асуудал багтсан. Ардчилсан намын бүлэг ямар байр суурь илэрхийлэх бол?

-Төмөр замын бодлогоо Монгол Улс хурдан шийдэх ёстой. Тийм ч учраас хэлэлцэх асуудлын эхэнд оруулж ирснийг зөв гэж бодож байна. Хаалттай хуралдаанаар хэлэлцээд явна.

-“Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч сайд нарт хариуцлага тооцох тухай асуудал хөндөгдөх үү?

-“Эзэн 100” хөтөлбөртэй холбоотойгоор улс төрийн намууд янз бүрийн байр суурьтай байгаа.  Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.  “Эзэн 100”  хөтөлбөрийн дараагаар амьдрал сайжирна гэсэн үгийг хэн ч хэлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Харин энэ хугацаанд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт  гарсан уу, ямар үр бүтээлтэй ажил хийсэн бэ гэдэг нь чухал. Үүнийг сонсоод дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Үүнийг өнөөдөр бүлэг сонсоно,  маргааш чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агенлаг