sonin.mn

/жич: санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А, Б тэмдэгтээр тэмдэглэв/

 

Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох  өнөөгийн шаардлага хийгээд эрх зүйн шинэчлэлийн бодлогод үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Улсын Их Хурлаас Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан.

Хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрыг “Улаанбаатар хотын цагдаагийн газар” болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэж, тус  газрын даргын албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулалт явуулах замаар сонгох журам батлагдсан юм.

Миний бие Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэн хотын иргэдийн аюулгүй, амгалан байдлын төлөө  үйлчлэх “Найман” зорилт бүхий “Иргэний төлөө найрсаг цагдаа” мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа.

Энэхүү мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр 5 дугаар бүлэг “Эрх чөлөөтэй Монгол хүн”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4 дүгээр бүлэг “Аюулгүй, амгалан Улаанбаатар буюу хотын аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах” зэрэг бодлогын бичиг баримтад тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үндэслэл болголоо.

Мөн “Иргэний төлөө найрсаг цагдаа” Facebook хаяг нээж ажиллуулан цагдаагийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой хотын иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар санал авч хөтөлбөрт тусгасан болно.

            II. ХӨТӨЛБӨРИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА
            ЭРХЭМ ЗОРИЛГО

            “Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах ажлыг олон улсын жишигт хүргэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, иргэдэд чанартай, тэгш, ил тод, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон нийттэй нягт хамтран ажиллах”-ыг эрхэм зорилгоо болгоно.
            АЛСЫН ХАРАА
            “Олон нийтийн итгэлт түнш нь, ойр дотно хамгаалагч нь байна”.

            III. БАРИМТЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ
            Улаанбаатар хотын цагдаагийн газар болон түүний удирдлага нь холбогдох хууль тогтоомжууд хийгээд Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан нийтлэг үндсэн зарчмуудыг баримтлана.
            Шуурхай, тэгш, хүртээмжтэй, нээлттэй байдлыг хангана.
            Иргэдтэй харилцах харилцаа, итгэлцлийг дээшлүүлэх замаар иргэний оролцоог  шинэ шатанд гаргаж, олон нийтийн дэмжлэгийг хүлээн хамтран  ажиллана.
            Зардлыг бууруулж, үр өгөөжийг дээшлүүлнэ.

            IV. ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БУЮУ “НАЙМАН ЗОРИЛТ”
               4.1. Иргэндээ үйлчилнэ.
            Нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, нас хүйс, хөрөнгө чинээ үл хамааран хотын иргэн бүр бидний үйлчлүүлэгч. Үйлчлүүлэгч маань цагдаагийн байгууллагаас үйлчилгээ авах тохиолдол бүртээ зөв байх албагүй ч ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БОЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ. Үйлчлүүлэгч бүрийнхээ хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд хүндэтгэлтэй хандах нь бидний мөрдөх гол зарчим.
            “БИ ТУСАЛЖ ЧАДАХГҮЙ НЬ”, “НАДАД ХАМААГҮЙ” гэдэг үгийг үйлчлүүлэгч маань биднээс сонсохгүй.
            4.1.1. Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС”-ыг бий болгон иргэдээс санал, хүсэлтийг нь  авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.
            4.1.2. Цагдаагийн байгууллага, албан хаагч нь иргэдээ сонсч, гомдол хүсэлтийн мөрөөр авсан арга хэмжээгээ иргэндээ эргэн шуурхай мэдэгддэг амьд тогтолцоог бий болгоно.
            4.1.3. “ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН”-ны үйл ажиллагааг улсын хэмжээнд жишиг болгоно.
            4.2. Олон нийтээ гэсэн сэтгэлтэй байна.
            Улаанбаатар хотын цагдаагийн газар нь иргэдэд үйлчлэх үүрэгтэйгээр ажиллах ёстой болохоос иргэнээ айлгадаг газар биш.
            4.2.1. Нийслэл хотын иргэн бүрт ил тод, шударга, тэгш үйлчилгээ үзүүлж гагцхүү хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
             4.2.2. Цагдаагийн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, иргэний зөвлөлийн саналыг авч, үйл ажиллагаандаа тусган эргэж тайлагнадаг тогтолцоог бүрдүүлнэ.
            4.2.3. Иргэний зөвлөлд үйл ажиллагааны тайланг улирал бүр тогтмол танилцуулж, тэднээс өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана.
            4.2.4. Иргэдийн хүсэл, санаачилгаар зохион байгуулагдаж байгаа аливаа арга хэмжээг дэмжиж, аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр хамтарч ажиллана.
            4.2.5. Олон нийтийн санаачилгад түшиглэсэн “ЭКО ЦАГДАА”, “ЖУУЛЧНЫ ЦАГДАА”, “ОЮУТАН ЦАГДАА”, “SCHOOL POLICE”-г бий болгох, үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
            4.2.6. “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-ны бодлогыг баримтлан иргэд ирж уулздаг биш иргэдтэйгээ очиж уулзах ажлыг хэвшүүлнэ.
            4.2.7. “УХААЛАГ ЦАГДАА” буюу www.smartpolice.mn өргөдөл, гомдлын цахим системийг нэвтрүүлж, иргэдээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр хүлээн авах, Facebook, Twitter зэрэг сошиал сүлжээ ашиглан хэрэглэгчдийн санал, шүүмжлэлд үнэлэлт, дүгнэлт хийх, үйл ажиллагаандаа тусгах, хариу өгөх явцыг ил тод болгоно.
            4.2.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
            4.2.9. Ухаалаг үйлдлийн системд зориулсан “Мобайл app”-ыг ашиглаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, харилцах сувгийг бий болгоно.
            4.3. Урьдчилан сэргийлнэ.
            4.3.1. Улаанбаатар хотыг соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “НАЙРСАГ УЛААНБААТАР” хөтөлбөрт тусгагдсан гадаад, дотоодын жуулчид нийслэл хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг авах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
            4.3.2. “АЮУЛГҮЙ УЛААНБААТАР-ЭРГҮҮЛ” хөтөлбөр боловсруулж, гэмт хэрэг, зөрчлийг үйлдэгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоож, үр дүнг тооцож ажиллана.
            4.3.3. Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасны дагуу хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, онцлог, цаашдын хөгжлийн чиг хандлага зэргийг харгалзан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, хэсэг, дэд хэсэг байгуулж цагдаагийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.
            4.3.4. Нийслэл хотын гудамж, талбайд байрлуулсан хяналтын камеруудыг нэгтгэн “Камерын хяналтын төв”-ийг байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох үндсэн чиг үүрэгтэйгээр ашиглана.
            4.3.5. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бодитой үр дүнд хүргэх тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
            4.3.6. Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ил тод, шуурхай болгох зорилгоор байгууллага бүрд “УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ”-г бий болгож, хэвшүүлнэ.
            4.4. Цагдаагийн урам зоригийг дээшлүүлнэ.
            4.4.1. Мэдээлэлтэй, итгэл үнэмшилтэй цагдааг төлөвшүүлэх зорилгоор цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх “ЦАГДААГИЙН УРАМ ЗОРИГИЙН ХӨТӨЛБӨР”-ийг боловсруулан хэрэгжүүлнэ.
            4.4.2. Цагдаагийн алба хаагч, ажилтан бүр өөрийн хөгжлийн зорилт дэвшүүлэн ажиллах нөхцөлийг хангаж, зорилтдоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллана.
            4.4.3. Авъяас, ур чадвар бүхий ажилтнаа нээлттэйгээр ахиж, дэвших боломжоор хангах  шудрага, ил тод тогтолцоог бүрдүүлнэ.
            4.4.4. Алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, туслалцааг авч, үе шаттайгаар арга хэмжээ авна. /орон сууц, автомашин гэх мэт/
            4.5. Хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана.
            4.5.1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, иргэдтэй хамтран ажиллах журмыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. /Сууц өмчлөгчдийн холбоо, Гэрээт харуул, хамгаалалтын байгууллага гэх мэт/
            4.5.2. Улирал бүр хотын иргэд, олон нийтэд ажлаа тайлагнана.
            4.5.3. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий нэгж байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
            4.6. Шинэчлэлийг дэмжиж үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
            4.6.1. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд шинэ арга барил, шинэлэг аргачлалуудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ техник, технологийн дэвшлийг хослуулан ажиллана.
            4.6.2. Хотын цагдаагийн үйл ажиллагааг үйлчилгээний бүтцэд шилжүүлнэ.
            4.6.3. Удирдах ажилтнуудын ажилдаа хандах хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, энэ талаар алба хаагчиддаа ойлгуулж ажиллана.
            4.6.4. Алба хаагчдаас ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа мөрдөх стандарт, хэм хэмжээг тогтоож өгнө.
               4.7. Ирээдүйд бэлдэнэ.
            4.7.1. “Том болоод цагдаа болно” гэх мөрөөдөлтэй таван настай хүүгийн мөрөөдөл хорин нас хүрсэн ч өөрчлөгдөхгүй байх цагдаагийн тийм ирээдүйг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
            4.7.2. Хотынхоо ирээдүйн төлөвлөлт, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан цагдаагийн нэгж, эргүүлийн үйл ажиллагааны байршилтыг төлөвлөн зохион байгуулж, иргэдэд үйлчилгээгээ шуурхай хүргэх нөхцөлийг бий болгоно.
            4.7.3. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад орны цагдаагийн байгууллагын тэргүүн туршлагыг судалж, байгууллагын үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллана.
               4.8. Хотын соёл-Хотын цагдаа
            4.8.1. “Олон нийтийн цагдаа”, “School Police”, “Эко цагдаа”, “Жуулчны цагдаа”, “Оюутан цагдаа” зэрэг цагдааг дэмжих олон нийтийн хүчийг хотын соёлыг төлөвшүүлэх ажилд үр дүнтэйгээр ашиглана.
            4.8.2. “ХОТЫН СОЁЛ БОЛ АЮУЛГҮЙ АМЬДРАХ, ӨӨРИЙГӨӨ ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ” гол арга болохыг бага насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургах ажлыг эрчимжүүлнэ.
            4.8.3. Хотын соёлын зөрчлийн тухай журам боловсруулан батлуулж, мөрдүүлнэ.
            4.8.4. “Ухаалаг цагдаа” буюу “Smartpolice” цахим системийг ашиглан иргэдээс хотын соёлын зөрчлийн мэдээллийг авч, заавал шийдвэрлэдэг, эргэж мэдэгддэг сувгийг бий болгоно.
            4.8.5. Хотын соёлыг төлөвшүүлэхэд иргэний санаачлага, идэвхийг дэмжиж ажиллана.
            4.8.6. “Найрсаг–Улаанбаатарын Найрсаг цагдаа” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Цагдаа нарын харилцааны соёлын талаар мэдээллийг “Ухаалаг цагдаа” /Smartpolice/ цахим системийг ашиглан авч, цагдаа нараа дүгнэж урамшуулах буюу хариуцлага тооцох ажлыг хэрэгжүүлнэ.
            4.8.7. “Хотын соёл–Хүн бүрийн оролцоо” аяныг санаачилж энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, залуучуудын байгууллагуудтай хамтран ажиллана.
            4.8.8. Замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд иргэдийн мэдээллийг ашигладаг, шийдвэрлэдэг цахим системийг нэвтрүүлж, гаргасан зөрчлийн зураг, баримтыг цахим хэлбэрээр хүлээн авч, зөрчлийг шийдэж, иргэдэд олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглан эргэж мэдээлдэг болно.
         4.8.9. “АЧИЛТГҮЙ ӨНДӨР ТОРГУУЛЬ”-ийн системийг ачигч машины одоогийн системтэй зэрэгцүүлэн нэвтрүүлж, “ХУУЛИЙН ТЭГШ ҮЙЛЧЛЭХ” зарчмыг хэрэгжүүлнэ.
            4.8.10. Төв замын нэгдүгээр эгнээнд машин тавьсан тохиолдолд өндөр торгуулийн хуудас наах, баримтжуулах, урамшуулах системийг ахмад настануудтай хамтран хэрэгжүүлнэ.
            4.8.11. “Дугуй–Эрүүл мэнд–Түгжрэлгүй хөдөлгөөн” аяныг иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

            V. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА
            Хөтөлбөрийг Улаанбаатар хотын  цагдаагийн газрын харъяа газар, хэлтэс, тасаг, хэсэг, төв, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн болон нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлт, чиг хандлагатай уялдуулан цогц байдлаар хэрэгжүүлнэ.
            Хөтөлбөрийг дараах үе шатаар хэрэгжүүлнэ. Үүнд:
I буюу бэлтгэл үе шат                                2014 он дуустал;
II буюу хэрэгжүүлэх үе шат                       2015 – 2018 он.

УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлага зохион байгуулж, харьяа нэгж, түүний алба хаагчид хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, дэд хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

            VII. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
            Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, цагдаагийн байгууллагын туслах, тоо бүртгэлийн мэдээллийн санд тулгуурлан мэдээллийг цуглуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зорилтот хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн тайлан, мэдээ гаргаж Улаанбаатар хотын  Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулж, мэдээлнэ.

            Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөр, төслийн гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээг тухайн хөтөлбөр, төслийн зорилго, зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаанаас хамааран шалгуур үзүүлэлтийг  тогтоож тооцно.

            Хөтөлбөрийн үе шат бүрийн төгсгөлийн жилд тухайн шатанд тавьсан зорилт, арга хэмжээг бүхэлд нь хамруулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
            Цагдаагийн байгууллагын нэр хүнд, иргэндээ хүрсэн үйлчилгээний амжилт амар ирэхгүй нь мэдээж. Ухамсарт, цуцашгүй хүчин чармайлтаар зорилгодоо хүрэх нь тодорхой. Би тавьсан зорилтоо үе шаттайгаар тууштай хэрэгжүүлж амжилтад хүрэх болно.

            Өөрийн Найман зорилт бүхий энэхүү мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгон хэрэгжүүлснээр нийслэл хотод амьдарч буй 8 настай балчираас 80 настай буурал хүртэл аюулгүй орчинд амьдарч чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.