sonin.mn

Хадгалж чадна гэдэг том чадвар. Хадгална гэдэг үг найдвар гэсэнтэй адил сонсогдоно. Учир нь аливаа нууцыг маш сайн хадгалдаг хүн байдаг. Хамгийн гол нь тэр хүний нэр найдвар, итгэлийн уурхай мэт л сонсогддог. Тийм учраас тэр хүн байнга олон нөхдөөр хүрээлүүлж, хүмүүсээс сайн үг сонсож амьдардаг. Нэг үгээр хэлбэл, хадгалж чаддаг хүний амьдрал дандаа гэрэл гэгээтэй, сайхан ирээдүйтэй, бас баталгаатай байдаг.

Хадгалах гэдэг үгийн нөгөө нэг том утга нь хадгаламж гэдгээр шууд илэрхийлэгдэнэ. Хадгаламж бас л гоё. Найдвартай, итгэл даахуйц банкны үйлчилгээ юм. Монголчууд мөнгө хөрөнгөө банкинд хадгалдаг болоод багагүй хугацааг үдэж байгаа. Хадгаламжийн үр ашгийг хэдийнэ мэдэрсэн ард түмэн гэвэл зохино.

Их мөнгийг өөртөө хадгалах нь эрсдэлтэй гэдгийг аль эрт 1960-аад онд бүтээсэн уран сайхны киноноос харж болно. “Хүргэн хүү” гэдэг Монголын уран сайхны кино бий. Жамц баян авдартаа хадгалж байсан мөнгөө оготнод идүүлчихээд “Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана...” гэж ийгээд л халаглаж байдаг алдартай хэсэг байх. Чухамдаа хадгаламж гэдэг чинь эрсдэлгүй, аюулгүй гэдгийг уран бүтээлээр ингэж хэлж байжээ.

Тэгэхээр банкны хадгаламж гэдэг тун энгийн ойлголтоороо бидний амьдралын баталгаа гэсэн үг болж таарч байна. Бас банкны хувьд ч үйл ажиллагааных нь хамгийн чухал хэсэг. Голлох байр суурьтай үйлчилгээ гэхэд болно. Иймээс банкууд үйлчлүүлэгч бидэнд ашигтай, хэрэгтэй боломж бүрийг санал болгохыг зорьдог байна.

Ер нь банкны үйлчилгээ цэвэр сайн дурын үндсэн дээр тогтдог. Би тухайн банкаар үйлчлүүлж болно, эсвэл үгүй. Энэ бүхний шалгуур нь банкны үйлчилгээ болно. Яагаав, зан сайтай айлд хүн цуглана гэдэг шиг.

Өнөөдөр Монгол Улс чамгүй олон арилжааны банктай. Банк бүр эрвийх дэрвийхээрээ харилцагчиддаа үйлчилсээр ирсэн. Тэр тусмаа технологийн хөгжлийн энэ эринд шинэ технологид тулгуурласан үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа санал болгосоор...

Банкны үйлчилгээнээс хадгаламжийг хамгийн сонгодог үндэсний үйлдвэрлэл гэдэг. Хадгаламжийн хэмжээ өсөх тусам тухайн банкны зээл олгох чадамж ч өсдөг байна.
Энэ мэтээр хадгаламжтай байхын ач тус их ээ. Хүүгээрээ өснө, хаях гээх, хулгайд алдахаас сэргийлнэ. Бас элдэв бизнесийн болон ахуйн хөрөнгө оруулалтыг төвөггүй шийдчих санхүүгийн чадвартай болно. Энэ бол товчхондоо амьдралын баталгаа гэсэн үг.

Түүнчлэн хугацаатай хадгаламж ашигтай. Хүү нь өндөр. Хамгийн гол ашиг нь тэр. Үүнээс гадна  хугацаатай хадгаламжид мөнгөө хийсэн хүн наад захын мөнгөний хэрэгцээний үедээ банк руу гараад гүйчихийг боддоггүй. Сэтгэлзүйн хувьд “Хугацаатай шүү дээ...” гэсэн ойлголт төрсөн байх тул хэрэгцээ шаардлагынхаа эцсийн мөчид хадгаламжийн дэвтрээ өвөртлөөд гардаг байна.

Энэ нь хугацаатай  хадгаламжийн сул тал болдог.  Сул талын хамгийн том нь хадгаламжийн хүү зарим тохиолдолд үгүй болдогт байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид хугацаат хадгаламж хуримтлал үүсгээд түүнээсээ гэнэтийн хэрэгцээ, мөнгөний шаардлагын улмаас авахаар болоход хүү нь бүхэлдээ цуцлагддаг. Би нэгэн банкинд 2000 000 /хоёр сая / төгрөгийн хугацаат хадгаламжтай байлаа. Жилийн 15 хувийн хүүтэй.

Энэ нь нэг жилийн дараа хоёр сая төгрөгт маань 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийн хүү бодогдоно гэсэн үг юм. Гэтэл надад хэрэгцээ гарч нөгөөх нэг жилээс нь ганцхан сарын өмнө 1 000 000 /нэг сая/ төгрөгийг нь авчихлаа. Ингэхэд өнгөрсөн 11 сарын турш “хураасан” хүү тэр чигээрээ цуцлагдаж ердөө 66 000 /жаранзургаан мянга/ төгрөгийн хүү ирэв. Энэ болсон явдал л даа. Надад тохиолдсон юм.

Ерөнхийдөө манай арилжааны банкууд энэ журмаар ажилладаг. Тиймээс бага хүүтэй ч хугацаагүй хадгаламжийг сонгоход хүрнэ.

Саяхан л ийм байлаа. Байлаа гэсний учир нь тадээрх сонголтыг хийхгүй байж болох шинэ үйлчилгээ гарчээ. Хэдхэн сарын өмнө дөө, “Голомт” банк мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч “Инфосис” компанитай хамтран банкны үндсэн бүртгэлийн “Финакл” системийг Монголд анх удаа нэвтрүүлж байв. Тэгвэл энэ нь  Монголын банк санхүүгийн системд “Уян”  хадгаламж гээчийг нэвтрүүлэх боломж олгожээ.

“Уян” хадгаламжийн онцлог нь харилцагч хүссэн үедээ мөнгө хийж, хүссэн үедээ түүнээсээ авч болно. Тодруулж хэлбэл, хугацаат хадгаламжаас авсан мөнгөний дүнд л хямдруулалтын хүү тооцогдож, үлдсэн нь хүү бодогдож өссөөр байна гэсэн үг.

Хамгийн гол нь хадгалуулах хугацаа уртсах тусам хүү нь өндөрсөнө. Улирал тутам графикийн дагуу өснө гэсэн үг.
Жишээ хэлье. Хэрэв миний бие дээрх 2 000 000 /хоёр сая/ төгрөгөө “Голомт”-ын “Уян” хадгаламжид нэг жилийн хугацаатайгаар хадгалуулбал 11 дэх сард нь 1000000 /нэг сая/ төгрөгөө авбал та 165000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөгийн хүү тооцуулж авна. Зөвхөн миний авсан 1000000 /нэг сая/-д хямдруулалтын хүү бодогдож үлдсэн 1000000 /нэг сая/төгрөгт маань гэрээний дагуу өндөр хүү бодогдоно.

Хэрвээ би хугацаагүй хадгаламжид 2000000 /хоёр сая/ төгрөгөө хадгалуулсан бол 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийн хүү бодогдоно гэсэн үг. Тэгэхээр “Уян” хадгаламж нээрэн ашигтай байгаа биз. Та хугацаагүй хадгаламж шиг хэзээд ч зарлага гаргах боломжтой гэхээр татгалзахын аргагүй санал гэдэг энэ дээ.

Б.Дамдин