sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Voice of Russia/. Түвдийн шашны удирдагч Далай ламд зохион байгуулагч улс аяллын виз олгохоос татгалзсаны улмаас Өмнөд Африкийн Кейптаун хотод энэ сард хийхээр товлосон Нобелийн Энх тайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа гэж Нобелийн шагналт нэг эрхэм мэдэгдлээ.

“Дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болохооргүй болсон” гэж АНУ-ын Нобелийн Энх тайвны шагналт Жоди Уильямс хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

Дээд хэмжээний уулзалтыг болох шинэ газрыг удахгүй зарлана гэж тэрбээр хэллээ.

Далай ламыг улсдаа нэвтрэхийг зөвшөөрөхийг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зумад Нобелийн Энх тайвны шагналт 14 хүн уриалж байсан билээ. Зумад илгээсэн захидалд, “Түүнд дахин виз олгохоос татгалзвал олон улсын тавцан дахь Өмнөд Африкийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж бид маш их санаа зовж байна” гэжээ.

Айлчлалаа зөвхөн энэ жил л хойшлуулахыг Далай ламаас Өмнөд Африк өнгөрсөн сард хүссэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг