sonin.mn

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Норвегийн Ерөнхий сайд асан Йенс Столтенберг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өчигдөр Бельгийн нийслэл Брюссельд хүлээн авлаа.

НАТО-г хүчтэй хэвээр байлгана гэж олон улсын хамтын нийгэмлэг сорилттой тулгарч байгаа энэ үед НАТО-гийн удирдлагыг гартаа авч буй Столтенберг хэлсэн байна.

Украины хямралыг Евро-Атлантын аюулгүй байдалд тулгарч буй томоохон сорилт гэж Столтенберг тодорхойлж, “Украинд гал зогсоосон нь нэг боломж. Харин бид Оросын үйлдэлд тодорхой өөрчлөлт гарахыг харах хэрэгтэй байна” гэж тэрбээр хэлжээ.

Өдгөө 55 настай, Норвегийн иргэн Столтенберг Украиныг цаашид ч “бүрэн дэмжинэ” гэж амласан байна.

Мөн “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх тухайд, Иракийн Засгийн газрын хүсэлтийн хүрээнд л НАТО арга хэмжээ авна гэж тэрбээр хэлсэн аж.

Түүний хэлсэнчлэн, олон улсын эвсэл, үүний дотор НАТО-гийн холбоотнууд болон бүс нутгийн түншүүд “Лалын улс”-тай тэмцэхэд “шийдвэртэй арга хэмжээ” авч байна.

Норвегийн Ерөнхий сайд асан Столтенбергийг 28 гишүүн улстай НАТО-гийн тэргүүн Андерс Фог Расмуссены халааг авах хүнээр энэ оны гуравдугаар сард томилсон билээ.

НАТО-г 5,2 жил удирдсан Расмуссены энэ албан тушаалыг хаших үүрэгт хугацаа өнгөрсөн мягмар гарагт дууссан юм.

Столтенберг нь 2000-2001, 2005-2013 онд Норвегийн Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг