sonin.mn

Монгол Улсын ажилгүйдлийн хэмжээ буурч байгаа талаар Хөдөлмөрийн төв биржээс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд бүртгэлтэй ажилгүй иргэн 37 мянга байсан бол энэ жил 33 мянга 800 болж, 9.9 хувиар буурчээ. Мэдээллийн үеэр тус биржийн дарга Ц.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөрийн биржээс ажилд зуучлах үйл ажиллагааг хүртээмжтэй болгох чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Бид энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд www.hudulmur.mn цахим хуудсыг хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем болгож өргөжүүлсэн. Энд бүртгүүлсэн бүх иргэн, аж ахуйн нэгжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.

Ажилд авах гэж байгаа аж ахуйн нэгж ажилд орох сонирхолтой байгаа иргэний регистрийн дугаараар аль байгууллагад хэдэн сар ажиллаж байсан талаар мэдээллийг ч харах боломжтой юм.

Цаашид нэгдсэн системээ хөгжүүлж, гар утасны аппликейшн болгох, ажил олгогчийн тавьсан шаардлага болон ажилд орох хүсэлтэй хүмүүсийн анкет таарч байгаа тохиолдолд шууд гар утасанд нь мессеж очдог болгохоор ажиллаж байна.

-Хөдөлмөрийн төв биржтэй хэдэн аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна вэ?

-Нийт 48 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа. Бүгд манайд ажлын байрны захиалга өгдөг

-Хамгийн их эрэлттэй ажлын байрнаас дурьдвал?

-Тогооч, мэргэшсэн нягтлан бодогч, гагнуурчин, барилгын зураг төслийн инженер хамгийн эрэлттэй байна. Харин орчуулагч, хуульч, эдийн засагч бол эрэлт багатай байгаа. Сургууль төгсөж байгаа залуусыг авч үзвэл МСҮТ төгссөн залуус илүү хурдан ажилд ордог. Ажил олгогчид сургууль төгсөхөөс нь өмнө тухайн МСҮТ-үүдтэй гэрээ байгуулж, ажлын байрандаа бүртгэж авдаг болсон байна.

-“Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний үр дүн хэрхэн гарч байна вэ?

-“Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүд бол хөдөлмөр эрхлэлтийн “дэд бүтэц”-ийг хөгжүүлэх ажил юм. Өөрөөр хэлбэл, залуучууд мэргэжлээрээ дадлага хийх, ажлын байр хайх замыг нээж байна гэсэн үг юм. Түүнчлэн өнгөрсөн жил “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” байгуулсан.

Мөн Явуулын хөдөлмөрийн бирж ажиллуулж байгаа.  Их, дээд сургууль төгсөж байгаа залуус төгсөхөөсөө өмнө сургуулийнхаа  “Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өө ашиглан ажлаа хайж, дадлага хийж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ямар ч ажлыг голохгүй хийж сурах хэрэгтэй. Эдийн засагч мэргэжлээр төгссөн бол худалдааны компанид агуулахын няравын ажлаас эхлээд бүгдийг нь хийж үзэх хэрэгтэй.

-Залуучууд ажилгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Нэг хэсэг тогтмол цалинтай ажил хийснээс наймаа хийх нь илүү гэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд иргэд үйлдвэр байгуулах нь илүү ашигтай гэж үзэх болсон. Тэгээд үйлдвэржилт хөгжөөд ирэхээр тухайн үйлдвэрт шаардлагатай шинэ мэргэжлүүд бий болж байна.

Зарим нэг ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилчин олдохгүй байна гэдэг нь тухайн мэргэжлээр залуус суралцахгүй байна гэсэн үг. Тэгэхээр нийгмээ дагаад шинэ мэргэжилтнүүд бэлтгэж эхлэх хэрэгтэй. Энэ талаар бид судалгаа явуулж байгаа.

Ч.Ариунболд | Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг