sonin.mn
Монгол Улсын Ерөн­хийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан цор ганц улстөрч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гарагийн 22:30 цагт олон улсын “Чингис хаан” нисэх буу­далд эхнэр О.Цолмонгийн хамт бууж, хүлээн тоссон сэтгүүлчид, намын журмын нөхдөдөө сэтгэл зүрхэндээ агуулж явсан үгээ анх түрүүн дуулгасан юм.
 
Нэгэн цагт Энэтхэг улсад эхнэрийн хамт зочлоход тухайн цагийн Энэтхэгийн хэвлэлээр “Төв Азийн хам­гийн царайлаг хатагтай” хэмээн Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн тухай бичиж байв.
 
Харин долоон жилийн дараа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан хоёрын царай тааруухан байв. Н.Энхбаяр хорихоос суллагдсаныхаа дараа БНСУ-ыг зориод бараг жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү эх орондоо ирж байгаа юм. 
 
Эмчилгээнд явахдаа түүний бие ихэд ядарч, турж эцэн “жингийн алдагдал, эсийн задрал” гэсэн оноштой байсан. Биднийг нисэх буудалд очиход түүний хүү Э.Батшугар болон намын нөхөд, ойр дотныхон нь түүнийг угтаж авахаар нисэх онгоцны буудлын VIP танхимын үүдээр дүүрсэн байлаа. 
 
Удалгүй Н.Энхбаяр эхнэрийн хамт гарч ирж, хэвлэл мэдээллийнхэн ч бүчин авч дор бүрнээ асуулт тавьцгаасан.
 
 
-Та сайн явж ирэв үү. Монгол нутгаа санав уу?
 
-Сайн явж ирлээ.Эх орон элгэн садан монгол­чуудаа үнэхээр их саналаа. Хамгийн гол нь монгол хүнээ, та нарыгаа маш их санаж бэтгэрсээр ирлээ.
 
-Таны биеийн бай­дал ямар байгаа вэ, эмчилгээгээ дууссан уу?
 
-Би одоо эмчлүүлж бай­гаа. Эмчилгээнээсээ чөлөө аваад ирлээ. Биеийн байдал дээрдэж байна. Гэхдээ яаж ч бодсон хуучны Энхбаяр яаж байх вэ дээ.
 
-Та нутагтаа удах уу. Одоо ямар нэгэн айдас түг­шүүр байна уу?
 
-Тодорхой хугацаагаар байж байгаад эргээд эмчил­гээндээ явна аа. Угаасаа айх гэдэг юм аль хэдийнэ алга болсон шүү дээ, миний хувьд. Эд нар одоо намайг яах юм. Барих уу, хорих уу, алах уу. Би үнэндээ юунаас ч айхгүй байна. Харин хамгийн сайхан сэтгэгдэлтэй байна. 
 
Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй. Хэн нэгэнд гомдоогүй ээ. Хол байхад бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Энд байхаар тэр ч болохгүй юм шиг, энэ ч болохгүй юм шиг санагддаг үе байсан. Гэтэл хүний газарт эмчлүүлээд байж байхад энд байгаа хүн бүр маань сайхан санагдаж байлаа. 
 
Ер нь тэгээд тэнд байхдаа монголчуудаа маш их саналаа. Монголчууд маань ямар ч солонгос, хятад хүнээс илүү сайхан ажиллаж амьдарч чадна. Ард түмэн, улс орноо хяз­гааргүй их саналаа. Мон­голын салхи, өөр хаана ч байхгүй ийм сайхан цэвэр агаараа саналаа. Одоо миний өмнө зогсоод асуулт тавьж байгаа та нарыгаа их саналаа даа.
 
-Таныг ирэхээс өмнө Солонгосын хэвлэл мэ­дээл­лээр иргэншлээ солих гэж байгаа талаар мэдээлж, энд багагүй шуугиан боллоо?
 
-Тэр бол ямар ч эрүүл саруул ухаантай хүний санаанд байж боломгүй зүйл. Тийм учраас би тийм зүйл ярьж та бүхнийхээ цаг завыг гарздаад яах вэ. Яаж тийм юм байх вэ дээ. Би Монголын ард түмэн та бүгдийнхээ буянаар Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь ажиллаж үзсэн ганц хүн.
 
Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байсан хүн тийм яриа гаргах, тэр ярианд нэр нь гарах эрх байдаггүй юм. Энэ асуудлыг би маш нарийн эцэслэн шалгуулах болно. Хэн санхүүжүүлэв, хэн хийв гэдгийг эцэслэн шалгаж ард түмэндээ мэдээлнэ.
 
Эхний байдлаар Солон­госын хэвлэл мэдээл­лийнх­нээс лавлахад, Мон­голоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Тэгэхээр ма­най монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн нь тодорхой. Яагаад тийм мэдээлэл өгснийг мэдэхгүй. 
 
Гэхдээ улс­төрийн өрсөлдөгч, Мон­гол Улсын иргэнийг энэ байдлаар улстөрийн “үхдэл” болгож замаасаа зайлуулна гэж бодож байгаа бол маш том эндүүрэл гэдгийг л хэл­чихье. Солонгосуудын дунд монголчууд маань жаа­хан ичмээр байдалд орлоо.
 
-Танд дахиад эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд байгаа?
 
-Монголчууд минь ээ, ингээд л дандаа Эрүү­гийн хэрэг яриад байх хэрэггүй ээ. Яах вэ хэвлэл мэдээллийнхэн та бүгдэд бол сонин байх л даа. Миний хувьд ард түмэнтэйгээ л сайхан уул­заж байгаадаа их баяртай байна. 
 
Эрүүгийн хэргийн хувьд буруу зүйл хийсэн юм байхгүй л дээ.Тэгээд ч эрх баригчид одоо ямар ч асуудлаар буруутгаж чадахгүй гэд­гийг хэлье. Одоо надад айх шалтгаан юу ч байхгүй.
 
-Таны эмчилгээ цааш­даа хэр удаан үргэлжлэх бол?
 
-Тэрийг би хэлж мэ­дэхгүй байна. Эмч нар л мэднэ шүү дээ. Гэхдээ одоо Энхбаяр гэдэг ганц хүний аминаас илүү Монголын ард түмний амьдрал чухал шүү. Яагаад гэвэл энд би эцсийн амьсгалаа татах болно. Үр хүүхдүүдийн минь амьдрал энд л үргэлжилнэ.
 
-Засгийн газрын бүт­цийн асуудлаар намын­хантайгаа ярилцах уу?
 
-Намынхан маань миний саналыг сонсох байлгүй дээ. Ер нь Монгол Улс маань бусдаас доор орохгүй л хөгжих ёстой. Өнөөдрийн төр барьж байгаа улсууд, төр бариагүй улсууд бүгдээрээ л нэгдсэн нэ­гэн зорилготойгоор зүт­гэх хэрэгтэй. Надад турш­лага, мэдлэг бүгд бий.
 
Хэрвээ Энхбаяр гэдэг хүний туршлага, мэд­лэгийг ашиглая, энэ хүн Монголын төрд хэрэгтэй гэвэл би чадлаараа зүт­гэнэ. Харин за энэ ч яах вэ дээ гэж хандвал би заавал гуйж гүйхгүй. Одоо ажиллаж байгаа засгийг харвал алдаа дутагдал их байна. Төрийг ингэж засаглаж, ард түмний аж байдал, амьдралыг шийддэггүй л дээ.
 
-Та хэзээнээс улстөрд эргэн орж, өнөөдрийн эрх баригчдын эсрэг ажиллаж эхлэх вэ?
 
-Яг одоо хэлэхэд хэцүү асуулт байна. Ми­ний бие тааруухан бай­на. Эмч нарын хяналтад байгаа. Одоо ч бие чич­рээд хэцүүхэн л байна. Гэхдээ нэг л юмыг ард түмэн минь ойлгох хэрэгтэй. Н.Энхбаяр гэдэг хүн эргээд босно, хоёр хөл дээрээ бат зогсоно гэдгийг. За одоохондоо ийм л байна даа.
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: