sonin.mn

Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ гэж хэн бэ. Тэрбээр тус аймгийн АН-ын дарга төдийгүй “Total music” хөгжмийн дэлгүүрийн эзэн гэдгээр нь хүмүүс бага зэрэг гадарладаг юм билээ. Өөрөөр хэлбэл, төрийн хүн, улстөрч гэхээсээ илүүтэй бизнесмэн аж.

Тэрбээр хууль ёсны буюу Засгийн газраас томилсон аймгийн Засаг дарга Ж.Сүхбатаарыг намынхан болон сөрөг хүчний “Урвагч” этгээдүүдтэй нийлж, хоёр жил шахам мэрээд эцэстээ шүүхийн шатанд унаж ялагдахдаа Засаг даргын өрөөнд нь түлхүүр тааруулж орсон гээд маргаан их бий.

Ийн авирлахын учир нь өнгөрөн тавдугаар сарын сүүлээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргаж, АН-ын дарга, ИТХ-ын гишүүн С.Од-Эрдэнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Еренхий сайдад өргөн барьжээ.

Ерөнхий сайд ч өөрийн намын хүн орж ирсэнд татгалзах зүйлгүйгээр зургадугаар сарын 5-нд түүнийг баталсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө батламжилсан С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргаж, С.Од-Эрдэнийг оронд нь томилсон хэрэг. Гэвч С.Од-Эрдэнийг анхнаасаа хууль бусаар томилсон гэдгийг иргэд хэлж байгаа юм.

Наад захын жишээ дурдахад, Төрийн албанд гурван жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй бизнес эрхлэгч энэ хүн ИТХ-ын тогтоолыг хуурамчаар үйлдэж, Ерөнхий сайд нь мэдсээр байж түүнийг нь үндэслэж захирамж гаргасан гэж үзэж байгаа аж. Өмнө нь бас нэг иймэрхүү хуйвалдаан зохиосон боловч шүүх дээр ялагдаж, Ерөнхий сайд захирамжаа хүчингүй болгож байсан удаатай.

Иймд Засаг дарга хэн байх вэ гэдэгт одоо ч шүүхийн маргаан үргэлжилж байгаа юм байна. Ийнхүү хууль бус Засаг дарга гээд ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь хүч хэрэглэн Засаг, даргын албан өрөөг түлхүүр тааруулан онгойлгож орсон бололтой.

Тэрбээр уг нь мөнгөнд шунаад байхааргүй хувийн бизнестэй нэгэн. Гэхдээ л түүнийг улс төрд татах “Соронз” байна. Тэр нь магадгүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү байж болох талтай. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Од-Эрдэнэ түүний шадар цэргээр ажиллаж байсан нэгэн.

Мөн өнгөрсөн жил ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байхад Б.Наранхүү гишүүн орж ирээд “Засаг даргаа надад өгчих” гэж увайгүй загнасан нь олонд тун ч таагүй сэтгэгдэл төрүүлсэн аж. С.Од-Эрдэнэ 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч “Эрдэнэт”-ийн гэх Х.Наранхүүгийн талд ажиллаж байсан.

Ингээд бодохоор тэрбээр тус аймгаас УИХ-д нэр дэвшигчдийн талд гүйж чадсанаараа Засаг дарга болсон гэж харах өнцөг ч байна. Бизнесмэн хүний хувьд УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй тун сайн дөрөө харшуулан ажиллаж байгаа гэх.

Саяхан Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын 90 жилийн ойгоор УИХ-ын гишүүн 90 ширхэг хятад мотоциклийгаймгийн иргэдэд сугалаагаар олгосон юм. Гэтэл дээрхи мотоциклийг АН-ын дарга, хамаатан садны голдуу хүмүүс авсан нь иргэдийг бухимдахад хүргэжээ. “Түүний оронд аймгийн төвд ард түмэнд хэрэгтэй сургууль, цэцэрлэг ч юм уу бүтээн байгуулалтын ажил хийсэн бол олны талархал хүлээх байлаа” гэх үг ч чих дэлсч байсан юм.

Харин хятад мотоцикль оруулж ирэх бизнесийг одоогийн Засаг дарга С.Од-Эрдэнэ хийдэг гэх яриа ч гарч байв. Үүнээс өөр аймгийн Засаг дарга болоод хийж гийгүүлсэн ажилгүй улстөржиж, намын харьяаллаар олон жил ажилласан мэргэжилтэн, албан хаагчдийг шахан дарамталж, ажлаас нь гарах өргөдөл бичүүлж байгаа талаар иргэдээс гомдол ирж байгаа юм.

“Хийж хэрэгжүүлж байгаа” гэж цээжээ дэлдэж байгаа нь өмнөх даргын үед шийдсэн ажлууд байгааг ч оршин суугчид онцолж байна. С.Од-Эрдэнэ зарим томоохон ажпыг бүр зогсоосноос энэ жил Дундговь аймагт бүтээн байгуулалт бараг хийсэнгүй гэх шүүмжлэлтэй тулгарч байгаа аж.

Тухайлбал, аймгийн төвд 2.6 км автозам тавих ажлын тендерийг нь зарлаад гүйцэтгэгч шалгарахын даваан дээр хууль зөрчиж дураараа зогсоон 1.8 тэрбум төгрөгийг аар саархан зүйлд зарцуулна хэмээн муйхарлаж байгаа сурагтай. Шинэ дарга цээж өвчтэй гэдэг шиг тэрбээр өнгөрсөн зун, намар төрийн ажил гэхээс илүүтэй найр наадам хэсч өнгөрөөсөн.

Сумын наадам битгий хэл овоо, суварганы наадам хэсч өөрийгөө чамгүй сайн ажиллаж байгаа хэмээн ярьж зогсох түүнийг ард түмэн нь танихгүй “Энэ чинь хэн бэ” хэмээн ам алдахтай хэдэнтээ таарч байв. Ингэж наадам хэссэний гороор өвөлжилтийн бэлтгэл зуун задгай байгаа аж.

Өнгөрсөн жилийн бэлтгэсэн хадланд найдахаас аргагүй байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна лээ. “Мал малчин хоёроо мэдэхгүй хотын гудамжинд өссөн хүүхэд аргагүй шүү дээ” гэх хүн ч байна. Харин тэрбээр Засаг даргаар томилогдоод хийсэн ажил нь төрийн албан хаагчдыг ажил амьдралаас нь салгаж чадвартай туршлагатай боловсон хүчнийг намын харьяаллаар ялгаварлаж, төрийн байгууллагын чадамжийг унагах ажил хийж байгаагаас хэтрэхгүй байгаа бололтой.

Тус аймгийн ИТХ-ын бүтэц АН-ын 17, МАН-ын 16 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байлаа. Гэтэл МАН-аас сонгогдсон Дэжид, Мэндсайхан гэх төлөөлөгчид АН-д урваснаар ийнхүү олонх болж, аливаа асуудалд улстөржсөн байдлаар хандах болжээ.

Хариу урвасан нөхдийг С.Од-Эрдэнэ дарга “Шагнал”-ын суудалд томилж Мэндсайхан гэх бизнесмэн эмэгтэйг аймгийн орлогч даргаар томилсон байна. Ингээд зогсохгүй “аймгийн Тамгын газрын даргаар хувийн банкинд эдийн засагчаар ажиллаж байсан төрд ч ажиллаж үзээгүй залууг томилсон. Энэ нь мөн л хууль зөрчсөн хэрэг.

Мөн өмнө нь боловсролын гэрчилгээ хуурамчаар үйлдэж арга хэмжээ авахуулж байсан хүнийг сургуулийн захирлаар, сургууль төгсөөд хоёр жил ч болоогүй найзынхаа дүүг агентлагийн даргаар, өөрийнх нь хууль бус үйлдлийг шүүх дээр хамгаалж ажилласан өмгөөлөгчийг аймгийн Худалдан авах ажиллагааны даргаар томилсон байна.

Түүгээр ч үл барам өмнөх боловсон хүчнийг дуудаж уулзаад “Ажлыг чинь авна” гэж шаарддаг байна. Маргаан хийсэн нэгнийг нь албан тушаал бууруулж, ажилд томилох, шүүх цагдаагаар явсан нэгэнд нь бүтэн жилийн цалин хүртэл амлаж амыг нь тагладаг байна. Энэ байдалтай эвлэрч ажиллаж чадахгүйд хүрээд аймгийн Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газар, ССАЖ-ын хэлтсийн дарга зэрэ голон мэргэжилтэн ажлаа өгсөн байдаг.

Тухайлбал, Худалдан авах газрын дарга Нарантуяаг одоогийн Засаг дарга С.Од-Эрдэнэ өнгөрөгч зургадугаар сарын 2-ноос ажлаа өгөхийг шаардаж, дуудаж уулзаад ямар нэгэн зөрчил илрэхгүй байхаар эмнэлэгт хэвтсэн хойгуур нь ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, өмгөөлөгч Мөнхбат гэж хүнийг оронд нь томилсон байна. Энэ нь түүний Засаг дарга болохын тулд албан тушаалын өр тавьснаа төлж байгаа нэг хэлбэр юм уу даа.

Мөн үүний цаана томилгоо хийхийг шахаж, шаардаж байгаа хүн нь мэдээж УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр дараагийн сонгуульд нэр дэвшихгүй учраас одооноос аймгийн удирдлагуудыг өөрийн хүмүүсээр дүүргэж “Дархлаа”-гаа сайжруулахаар зэхэж буй нэг хэлбэр гэж ойлгож болно. Үүгээр зогсохгүй МАН-аас сонгогдсон сумдын Засаг дарга нарыг өргөдлөө өгөхийг шахаж, шаардаж байгаа гэх сураг байна.

Мөн С.Од-Эрдэнэ аймгийн төсвөөс 120 сая төгрөг гаргаж шинээр телевиз байгуулахаар болсонд дургүйцэх иргэн цөөнгүй байгаа аж. Тухайн аймагт хоёр ч телевиз албан ёсоор үйл ажиллагаа явуулж байхад аймгийн ЗДТГ-ын төсвөөс мөнгө гаргаж дахиад телевиз байгуулж байгаа нь дараагийн сонгуульдаа бэлдэж байгаа нэг хэлбэр гэдгийг хэлж байгаа юм. Энэ мэт улстөржсөн аймгийн Засаг дарга нараа эргэж харах ёстой юм биш үү, Ерөнхий сайд аа.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: