sonin.mn

Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Жү өнгөрсөн баасан гаригт Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж, Хятадын коммунист намыг /ХКН/ эх газрын Хятадад үндсэн хуульт ардчилал тогтоохыг санал болгожээ.

Тайванийн үндэсний баярын өдөр Ма Ин Жү улс орон нь Хонконг дахь эсэргүүцэгчдийн ардчиллын төлөөх хүсэл эрмэлзлийг баттай дэмжиж байгаа тухай хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр Хонконгод нэн даруй чөлөөт, шударга сонгуулийг зөвшөөрөхийг уриалж, Хятадын удирдагч агсан Дэн Сяопиныг дурдаад ХКН-ыг эх газрын Хятадад ардчилсан өөрчлөлт хийж эхлэх хэрэгтэйг сануулжээ.

Ма Ин Жү “Гучин жилийн өмнө Дэн Сяопин эх газрын Хятадыг нээлттэй болгож, шинэчлэлийн үйл явцыг урагшлуулж байхдаа иргэдийн заримд нь түрүүлж баяжихыг зөвшөөрсөн. Тэгвэл тэд яагаад үүнтэй адил Хонконгод зарим нэгэнд нь түрүүлж ардчилалд хүрэх боломж олгож болохгүй гэж” хэмээжээ.

Тайванийн Ерөнхийлөгч Хонконгод нэн даруй ардчилал тогтоохын зэрэгцээ эх газрын Хятадад ч гэсэн удахгүй илүү их ардчилал, хуулийн засаглалд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн аж. “Эх газарт оршин суудаг 1.3 тэрбум хүний амьжиргааны төвшин бага зэрэг дээшилснээр тэд илүү ардчилал, хуулийн засаглалыг хүсэх болно.

Ийм хүсэл эрмэлзэл нь зөвхөн барууны орнуудын монополи биш харин бүх хүн төрөлхтөний нийлэг эрх юм” гэжээ. Түүнчлэн тэрбээр одоо ХКН-ын хувьд ардчилалд шилжихэд хамгийн тохиромжтой цаг үе гэж үзсэн байна. Ма Ин Жү “Өнөөдөр бид Тайваний хоолойн нөгөө эрэгт байгаа эрхмүүдийг үндсэн хуульт ардчилалд шилжихэд хамгийн тохиромжтой үе гэдгийг дахин хэлье” гэжээ.

Тайванийг урьд нь нэг нам дангаараа удирдаж ирсэн боловч Гоминьданы нам 1980-1990-ээд онд улс орноо үндсэн хуульт ардчиллын тогтолцоонд шилжихэд идэвхтэй оролцсон. Тайваньд 1996 онд анх удаа бүх ард түмний сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгосон. Ма Ин Жү өнгөрсөн баасан гаригт хэлсэн үгэндээ Тайваний ардчиллын тогтолцоо нь Хятад гаралтай нийгмийн бусад тогтолцоонд чиг баримжаа болно гэдгийг онцолсон аж.

Тэрбээр өмнө нь ч гэсэн ХКН-ын байр суурийг үгүйсгэсэн мэдэгдэл нэг бус удаа хийж байсан учир түүний үгийг Хятадын эрх баригчид дуртай хүлээн авахгүй нь тодорхой. Тухайлбал, “Ардчилал бол зөвхөн барууны монополи биш” гэсэн нь ХКН-аас баримталдаг “Ардчилал бол Хятадад тохиромжгүй зөвхөн барууны бүтэц” гэсэн байр суурийг үгүйсгэсэн мэдэгдэл юм.

Түүнчлэн шинэ Төрийн тэргүүн Си Зиньпиний засаглалын он жилүүдэд Хятадын эрх баригчид ардчилал болон барууны үнэт зүйлсийг шүүмжлэх нь эрс нэмэгдсэн. Ма Ин Жү Хонконгод ардчиллыг дэмжих бодлогыг Дэн Сяопины явуулж байсан нээлттэй бодлогоо, шинэчлэлтэй харьцуулсан нь бас эргэлзээтэй.

Учир нь Дэн Сяопин нэг намын ноёрхлыг тууштай хамгаалж, 1989 онд Тянаньмэний талбай дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарах шийдвэр гаргаж байсан. Гэсэн хэдий ч энэхүү зүйрлэлд нэг сонирхолтой тал бий. Си Зиньпин цагтаа Дэн Сяопинд хандан Хятадын эдийн засгийг тэнцвэржүүлэх зорилготой хүчин чармайлтаа хуулийн хүрээнд баталгаажуулахыг уриалж байсан гэдэг.

Үүнийг нь сануулснаар Ма Ерөнхийлөгч Си Зиньпин болон ХКН-ыг шууд өдсөн хэрэг. Ма Ин Жү нь Тайванийг Хятадтай ойртохыг тууштай дэмждэг учраас арлын улс төрийн хүрээнд түүнийг Тайваний ирээдүйг эрсдэлд оруулж байгаа хэмээн шүүмжилдэг.

Тэрбээр Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг энэ удаа дэмжсэн хэдий ч Үндэсний баярын өдрөөр хэлсэн илтгэлдээ үүнтэй ижил зорилго агуулдаг Тайваний оюутнуудын “Наран цэцгийн хөдөлгөөн” зэрэг олон нийтийн бусад хөдөлгөөнийг шүүмжилсэн байна.

Ерөнхийлөгч “Сүүлийн нэг, хоёр жилд эсэргүүцэгчид хэтэрхий эрс арга ашиглан хууль бус үйлдлээрээ өөр үзэл бодолтой бусад иргэдийн хууль ёсны эрх ашгийг огоорсон. Иймэрхүү ардчилсан бус үйлдэл нь огт шаардлагагүй зөрчилдөөн үүсгэж, нэн шаардлагатай олон хууль тогтоомж боловсруулахад саад хийх боломжийг нийгмийн цөөнхөд олгосон” гэжээ.

Д.Мөнхболд

Эх сурвалж: