sonin.mn

ГАЗА. /Reuters/. Газын зурваст Израиль болон Палестины “ХАМАС” бүлэглэлийн хооронд саяхан болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас эвдэрч сүйдсэн барилга байгууламж, зам талбайг сэргээн босгоход НҮБ дэмжлэг үзүүлнэ гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн амлалаа.

Израиль болон “ХАМАС” өнгөрсөн наймдугаар сард гал зогсоохоор зөвшилцсөнөөс хойш Бан Ги Мүн анх удаа өчигдөр Газын зурвасын байдалтай танилцсан юм.

Тэрбээр орон гэрээ алдсан палестинчуудын хоргодох байруудад очсон байна. Хүмүүсийн орон гэр, барилга байгууламжийг сүйтгэсэн энэ байдлыг үгээр илэрхийлэх арга алга гэж НҮБ-ын тэргүүн хэлэв.

Түүний мэдэгдсэнээр, барилгын материал ачсан ачааны машинуудыг Газын зурвас руу нэвтрэхийг Израиль зөвшөөрсөн ажээ. Амь үрэгдсэн палестинчуудын гэр бүлийнхэн Бан Ги Мүний зочилсон НҮБ-ын байгууламжийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж байсан байна.

Израилийн халдлагыг зогсоож чадаагүй гэж нэг эсэргүүцэгч НҮБ-ыг шүүмжилж, НҮБ-ын тэргүүнийг Газад хэтэрхий оройтож ирлээ гэжээ. 7-8 сард Газын зурваст болсон 50 хоногийн зэвсэгт мөргөлдөөнд 2100 гаруй хүн амь үрэгдэж, 18 мянга орчим байшин барилга сүйтгэгдсэн юм. Одоо 54 мянга орчим хүн сургуулиудад толгой хоргодож байна.

Г.Доржханд

Эх сурвалж: