sonin.mn

“Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэргэдэх Үндэсний ба олон улсын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагватай ярилцлаа.

-Арбитрын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа юу?

-Миний бодлоор заавал шинэчилсэн найруулга шаардлагагүй. Нэмэлт өөрчлөлтийн төсөл гээд явахад болох байх. Гэхдээ төслийнхний ярьж байгаа нэг үндэслэл нь НҮБ-ын загвар хуулийг өөрийнхөө улсад нутагшуулсан орны жагсаалтад Монгол Улс ороогүй гэж байгаа.

Гэтэл тэр жагсаалтад орохын тулд хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа гэвэл утгагүй. Олон улсын арилжааны загварын хуулийг зуун хувь хуулбарлана гэдэгтэй би санал нийлэхгүй байгаа.

-Эдийн засаг хямралтай байгаа үед Арбитрын тухай хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэдэг?

-Гадны хөрөнгө оруулагчид тухайн улс оронд хөрөнгө оруулахдаа олон зүйлийг харгалзан үздэг. Улс төрийн тогтвортой байдал, татвар эрхзүйн орчин, тухайн улсад хөрөнгө оруулаад эрсдэлд ороход маргаанаа итгэл үнэмшилтэй шийдвэрлүүлж чадах, олон улсад нийцсэн арбитрын хууль ямар байна вэ гэдэгт анхаарал хандуулдаг.

Тэгэхээр Арбитрын тухай хууль нь хөрөнгө оруулагч, бизнес эрхэлдэг иргэдийн дунд чухал байр суурь эзэлдэг.

-Сүүлийн жилүүдэд Арбитраар шийдвэрлүүлэх хэргийн тоо өссөн гэдэг. Жилд хэчнээн хэрэг шийдвэрлэдэг вэ?

-Жилээс жилд арбитраар шийдвэрлүүлэх хэрэг, маргааны тоо өсч байгаа. Хэргийн тоо өсч байгаад эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Жилд 50-60 хэргийг шийдвэрлэсэн. Бусад улс оронтой харьцуулахад бага тоо биш.

Арбитрын шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх нь цэвэр талуудын асуудал байдаг. Япон, Казакстан зэрэг зах зээл өндөр хөгжсөн орон манайхаас ч бага буюу жилдээ 15-20 хэрэг маргаан шийдвэрлэдэг юм билээ.

Ихэвчлэн гадаад, дотоодын худалдаа, экспорт, импорттой холбоотой маргаан, сүүлийн үед хамтарсан компани байгуулахтай холбоотой асуудал, уул уурхай лицензтэй холбоотой болон барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хоорондын маргаан голлож байна.

-Хөрөнгө оруулагчдын хувьд гадны ямар компаниуд манай улсын арбитрын байгууллагад ханддаг вэ?

-Арбитрын хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх мэдээлэл хаалттай байдаг. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь бол арбитраар шийдэж байгаа хэргийн ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай компани байдаг. Монголын бизнес эрхлэгчид ихэвчлэн Хятад, Солонгос, Орос улстай холбоотой ажилладаг.

-Одоо мөрдөгдөж байгаа хуульд ямар өөрчлөлт орох ёстой вэ. Үүнд та ямар бодолтой байна?

-Зөвлөх компаниудын танилцуулж байгаа хуулийн төсөл дээр анхаарах асуудал олон байна. Арбитрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоо мөрдөгдөж байгаа хуульд шүүхийн оролцоог багасгах хэрэгтэй.

Арбитр нь түргэн шуурхай, зардал багатай ажиллах ёстой гэдэг. Гэтэл арбитрын шийдвэр гарснаас сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхээр албадан биелүүлэхэд 90 хоногийн хугацаа өгдөг. Тэгэхээр энэ хугацааг багасгах хэрэгтэй байгаа юм.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: