sonin.mn

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа.  

Гаалийн байгууллага хүнд сурталтай, авилгад идэгдсэн гэсэн ойлголт нийгэмд бий. Энэ байдалд гаалийн өнөөгийн удирдлага олон талын дүгнэлт хийж, юуны өмнө гаалийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, гаальчид болон үйлчлүүлэгчийн нүүр тулан ажиллахыг багасгаж, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг богиносгоход анхаарч ажиллалаа гэж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат хэллээ.

Гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн "Гаалийн бүрдүүлэлтийн шинэчилсэн технологи үйл ажиллагаа"-ны үр дүнд гаалийн бүрдүүлэлтийн шат дамжлага 14 байсан бол 6-8 болж буурчээ.

Мөн Гаалийн байгууллага эрдэс, түүхий эд бүтээгдээхүүний экспортын гаалийн бүрдүүүлэлтийг “Цаасгүй технологи”-д шилжүүлснээр  нэг гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах  хугацааг 3 дахин, шат дамжлагыг 2 дахин бууруулжээ.

Хил орчмын үнийн судалгаа хийж, Замын-Үүдийн боомтоор гаалийн нутаг дэвсгэрт  импортолдог 1500 гаруй барааны дундаж үнийг тогтоон сүлжээнд ил тод байршуулснаар гаальчид, импортлогчдын хооронд үүсдэг үнийн маргаан багасч, бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа 5 дахин буурчээ.   

Гашуун-Сухайт болон Шивээхүрэнгийн гаалийн газарт "Цахим гаалийн бүрдүүлэлт, цаасгүй технологи" хэрэгжүүлж эхэлснээр бүрдүүлэлтийн 23-29 шат дамжлага 12 болж, ойролцоогоор 30 минут зарцуулдаг байсныг 6 минут болгожээ. Гаалийн нэг бүрдүүлэлтэд 7 ажилтан оролцдог байсныг 3 болгосноор бүрдүүлэлтэд гаргадаг зардлыг дунджаар 4200 төгрөгөөр  хэмнэж байна гэж  Гаалийн ерөнхий газрын дарга хэллээ.

Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд 9 дүгээр сарын сүүлийн байдлаар гаалийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 84.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 23 тэрбум төгрөгөөр, татварын орлого 14.3 тэрбум төгрөгөөр өссөн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.