sonin.mn

АНУ-ын шинээр генерал цол авсан бүрэлдэхүүнийг тус улсын Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд стратегийн богино хугацааны дамжаанд хамруулдаг бөгөөд энэхүү дамжаанд суралцаж буй бүрэлдэхүүн өөр өөрийн хариуцсан стратегийн чиглэлд танилцах айлчлалыг хийдэг байна.

Энэ зорилгоор америкийн 15 генерал, дөрвөн удирдах албан тушаалтан бүхий бие бүрэлдэхүүн Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэднийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хошууч генерал З.Болдбаатар өргөн хүрээтэй удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүн Монгол Улсыг зорин ирж, Монгол Улсын Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай танилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн хүрээд буй түвшинд сэтгэл хангалуун байгаа, цаашид тодорхой чиглэлүүдээр харилцааг өргөжүүлэх саналтай байгаагаа тэмдэглэн хэлээд айлчлалын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Бүрэлдэхүүнийг ахлан яваа генерал Мартин элэгсэг дотно хүлээн авч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Их зүйл мэдэж, сурч авлаа. Терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээсэн юм.

Америкийн генералууд Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратеги судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочиллоо.