sonin.mn

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар БНЭУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Икбал Сингх Самялыг үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусан буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзлаа.

Хошууч генерал З.Болдбаатар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд тодорхой чиглэлүүдээр эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд үүнд батлан хамгаалах атташе, ноён Самялын оролцоо ихээхэн чухал үүрэгтэй байсныг тэмдэглэн хэлсэн. Цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Хурандаа Самял найрсаг үгэнд талархал илэрхийлээд атташегаар ажиллах хугацаандаа Монгол орон, Монголын Зэвсэгт хүчинтэй танилцаж, их зүйл сурч мэдсэн, цаашид хамтын ажиллагааг улам хөгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаагаа цохон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд хурандаа Самялыг Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” медалиар шагнасныг хошууч генерал З.Болдбаатар гардуулан өгч, дурсгалын зүйл солилцлоо.