sonin.mn
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯГ ТАНАА
 
Асуулга тавих тухай 
 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.3 дахь заалтыг үндэслэн дараах асуулгыг тавьж байна.
 
Нэг. Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны 30/15/59 дүгээр тушаалаар Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлыг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тайлан дүгнэлтээ гаргасан байна. Ажлын хэсгийн тайланд тусгаснаар уг төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал 1,412,0 сая ам.доллар буюу 30,1 хувиар хэтэрсэн шалтгаан, тайланг төрийн нууцын зэрэглэлд хамруулсан үндэслэл
 
Хоёр. Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулсан нэмэлт санхүүжилтийн асуудал ямар түвшинд байгаа, энэ талаар Засгийн газрын баримталж буй байр суурь
 
Гурав. Засгийн газар 2007 онд хөрөнгө оруулагчидтай тохиролцсон хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний төсөлд тусгагдсан нийт хөрөнгө оруулалтад шаардлагатай 2,724,0 сая ам.доллар 2009 онд хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах үед 5,1 тэрбум ам.доллар болж өссөн шалтгаан, үүнийг Монголын Засгийн газар хүлээж авсан үндэслэл
 
Дөрөв. Канадын АММЕК, Австралийн МИНПРОК - туршлагатай, мэргэжлийн компаниудаар гурван жилийн турш хийлгэсэн  ТЭЗҮ/уг ТЭЗҮ-д тусгасан нийт хөрөнгө оруулалтын 17,5 хувь нь эрсдлийн зардал/-д тусгасан 5.124.0 сая ам.долларын дүн гэрээ байгуулагдсанаас хойшхи таван жилийн хугацаанд 9 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдсэн шалтгаан  
 
Тав. Төслийн анхны хөрөнгө оруулалтын дүн Хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум, харин Эрдэс баялгийн зөвлөлийн хүлээж авсан ТЭЗҮ-д 5,1 тэрбум гэж зөрүүтэй туссаны аль тоог бид баримтлах ёстой, зөрүүтэй тоог нэгтгэх талаар яриа хэлэлцээр явж буй эсэх
 
Дээрх асуулгын хариуг нэн яаралтай ирүүлнэ үү.
 
УИХ-ын гишүүн Г.Уянга