sonin.mn

ВЕНА. /ВВС/. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар цогц хэлэлцээр байгуулна гэсэн найдлага тээсээр Иран болон Өрнөдийн гүрнүүдийн /НҮБ-ын Аюулгүйн Зөвллөлийн байнгын гишүүн таван улс+Герман/ Гадаад харилцааны сайд нар ээлжит хэлэлцээгээ хийж байна.

Ираны Гадаад харилцааны сайд Мухамад Жавад Зариф, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон нар мягмар гарагт Австрийн Вена хотод уулзжээ.

“Цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэсэн манай улсын байр суурийг Өрнөдийн улсууд хүлээн авна гэж найдаж байна. Ингэснээр талууд зөвшилцөлд хүрэх боломжтой” гэж Зариф хэлэлцээний өмнө улсынхаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдсэн байна.

Мөн зөвшилцөлд хүрч чадах эсэх Өрнөдийн талаас хамаарна гэж тэрбээр хэлжээ.

Харин талууд хоорондоо нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа ч ахиц дэвшил гаргахаар шаргуу ажиллаж байна гэж ЕХ-ны албан ёсны төлөөлөгч Майкл Манн хэлсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Венийн хэлэлцээнд нэгдэх аж.

Иран болон Өрнөдийн улсууд өнгөрсөн сард Нью-Йорк хотод уулзахдаа санал зөрөлдөөнөө нэг тийш болгож чадаагүй юм.

Ираны уран баяжуулах хувь, тус улсад авсан Өрнөдийн улсуудын эдийн засгийн хориг арга хэмжээг хүчингүй болгох арга замуудыг олох зэрэг гол асуудлуудаар эцсийн хугацаа болох ирэх сарын 24 гэхэд зөвшилцөлд хүрнэ гэж хоёр тал найдаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: