sonin.mn

JCI Mongolia байгууллагын санаачилгаар үе үеийн Ерөнхий сайдууд “Монгол Улсын хөгжлийн гарц” сэдвээр ярилцлага өрнүүлж ирсэн уламжлалтай. Тав дахь зочноор Ерөнхий сайд Н.Алтанхуяг уригдаж, тус байгууллагын төлөөлөл болсон хувийн хэвшлийн салбарыг амжилттай авч яваа шилдэг залуустай “Монгол Улсын хөгжлийн гарц” сэдвээр ярилцлаа.

Монгол Улсын хөгжил бол монгол хүний хөгжил. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар “Монгол хүн” зорилтын дор хүнээ хамгаалж, хөгжүүлэхэд чиглэсэн таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Амьдрах орчныг нь ая тухтай болгохын тулд орон сууцжуулж, дэд бүтэц тавьж байна.

Иргэн бүрээ ажилтай, орлоготой болгохын тулд хувийн хэвшлийг дэмжиж байна. Монголдоо бүтээдэг болохын тулд олон үйлдвэр босгож байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт реформын чанартай шинэчлэлтүүд хийж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо.

Гэхдээ аливаа шинэчлэл эрсдэл, бэрхшээл, сорилт дагуулдаг. Н.Алтанхуяг албаа өгөхөд хамт алга болох ажил хийхгүйн тулд бид зоримог алхмууд хийсэн нь магтаал, шүүмжийн аль алийг сонсч байгаа. Энэ хэрээр ажлаа чамбайруулахын төлөө хичээж, олон хүний санаа оноог сонсч байна. 19 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 8 хувьд буулгахын тулд зөвхөн энэ сэдвээр гэхэд 38 удаа хуралдаж байж гарц олсон.

Гадаадаас зээлсэн хөрөнгөөр мөнгө үржүүлдэггүй зам, станц барьж байна гэж олон хүн шүүмжилдэг ч эдгээр дэд бүтэц эргээд хувийн хэвшлийг, бизнесийнхнийг дэмжинэ. Бондын мөнгөний тодорхой хэсгийг л дэд бүтцэд зарцуулаад, үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулж байна.

Тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгч эхэлнэ. Улсын хөгжлийг урагшлуулах энэ мэт томоохон бүтээн байгуулалтыг одоо зориглож хийхгүй бол бид хөгжихгүй зэрэг олон сэдвээр Засгийн газрын тэргүүн залуустай санал бодлоо солилцлоо.

Улсын хөгжлийн бодлого, зорилт, сорилт, дэлхийн тавцан дахь Монгол Улсын байр суурь, үйлдвэржилт зэрэг олон сэдвээр JCI Mongolia байгууллагын гишүүд Ерөнхий сайдаас асуулаа.

Монгол Улсын эдийн засгийн орчинг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг дээр дүгнэн ярилцаж, алдаа ололтоос сургамж, туршлага судлахад энэ ярилцлагын зорилго чиглэдэг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.