sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишэр худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар нээлттэй ярилцсан байна.

Түүнчлэн Австри Монголын эдийн засгийн форумд оролцож үг хэлжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхдөө бүх чиглэлд харилцаагаа нэг шатаар ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэр дундаа манай хоёр улс далайд гарцгүй учраас газар зүйн онцлогоо давуу тал болгон ашиглахад бие биеэ дэмжин ажиллахаа мэдэгджээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт түлхүү хөгжиж байгаа аж.

Хоёр орны эдийн засгийн форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ айлчлал хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Би энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна.

Манай хоёр улсын хувьд адил төстэй олон зүйл бий. Нэгэн цагт Монгол улс агуу эзэнт гүрэнг байгуулж байсан бол Австри ч ялгаагүй агуу эзэнт гүрнийг байгуулж байсан. Монгол Улс дэлхийд агуу соёл, өв уламжлалыг бий болгосон бол Австри ч мөн агуу соёл өв уламжлалыг бий болгосон улс” хэмээн хэлсэн юм.

Харин Австрийн Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Энэ албан ёсны айлчлал маш чухал гэж би үзэж байгаа. Учир нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн жил болсон. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр ач холбогдол өгч байгаад баярлаж байна. Би одоогоос 12 жилийн өмнө Австрийн парламентын ерөнхийлөгч байхдаа Монголд айлчилж байсан.

Тэр үеэс хойш Монгол Улс маш их хөгжиж байгаад баяр хүргэмээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжсөн гэж үзэж байгаа. Бидний хувьд хүний эрх маш чухал асуудал байдаг.

Өнөөдөр ч бид энэ тухай ярилцсан. Хоёр жилийн өмнөөс Монгол Улс цаазаар авах ялыг байхгүй болгосныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэжээ. Түүнээс гадна Австрийн сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс ОХУ-тай эртний найрамдалт харилцаатай, хөрш зэргэлдээ орны хувьд Украины асуудалд ямар байр суурьтай байгааг, ардчиллыг энхийн замаар улс орондоо бий болгосон түүх, туршлагаасаа хуваалцахыг хүсч байсан юм.

Ц.Анир

Эх сурвалж: