sonin.mn

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.10.16/ хуралдан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Ц.Баярсайханыг Барилга хот байгуулалтын сайдын, А.Гансүхийг Зам тээврийн сайдын, Д.Ганхуягийг Уул уурхайн сайдын, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдын, М.Сономпилийг Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэх саналаа оруулж байгаагаа танилцууллаа.

Сайд нарыг чөлөөлөх саналтай холбогдуулан Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Засгийн газрын тавьсан том зорилтыг хэрэгжүүлэхэд эдгээр сайдууд мэдлэг, туршлагаа дайчлан ажилласан гээд, энэ хүмүүсийн тавьсан сайн суурийг шинээр томилогдох хүмүүс үргэлжүүлэн явна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, өнөөдрийн чөлөөлөгдөж буй сайдууд улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, шинэчлэлийн Засгийн газрын нүүр царай болсон хүмүүс хэмээн онцлоод мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн сайдуудад талархлаа илэрхийлье гэлээ.

Ингээд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.

Үүний дараа Уул уурхай, эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Уул уурхай, эрчим хүчний сайдад Р.Жигжидийн нэрийг дэвшүүлж байгаагаа танилцуулав. Р.Жигжид нь 1977-1980 онд МУИС, Физик математикийн факультетийг физикч мэргэжлээр, 1981-1985 онд Япон улсын Шиншюугийн дээд сургууль, ээрмэлийн технологи, инженер мэргэжлээр төгссөн байна.

Тэрбээр 1985-1989 онд “Говь” компанид үйлдвэрлэлийн дарга, 1989-1990 Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн, 1990-1996 онд Гадаад харилцааны яаманд Хоёрдугаар Нарийн бичгийн дарга, зөвлөхөөр, 1996-2000 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2000-2004 онд Гадаад харилцааны яамны Азийн газарт зөвлөхөөр, 2004-2006 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 2006-2011 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байжээ.

2012 оноос Уул уурхай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм байна. Р.Жигжидийн уул уурхай, аж үйлдвэр, гадаад харилцааны салбарт ажилласан дадлага туршлага, салбарыг удирдах чадварыг харгалзан энэхүү албан тушаалд нэр дэвшүүлж байна хэмээн Ерөнхий сайд хэлсэн.

Харин энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, сайд нарыг томилох асуудлыг цувуулж бус хамтад нь шийдэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд сайдыг томилох асуудлаар тус намын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.