sonin.mn

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар  өнөөдөр /2014.10.16/ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэгч зургаан компанийн удирдлагатай  уулзав.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт /2014.10.10/ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам засварын ажилтай танилцсан бөгөөд  одоогоор ажлын  явц 70-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар компанийн удирдлагуудад хандан  Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 25,4 км замд засвар шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж байгаа явдалд талархаад цаашид үндэсний компаниудыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр “Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам засварын ажилд шаардлагатай хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд өнөөдрийг хүртэл өөрийн хөрөнгөөр шийдэж ирсэнд талархаж байна. Монгол Улсын Засгийн газар 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Авто замын засвар, арчлалтын ажлын талаар авах арга хэмжээний тухай 184 дүгээр тогтоол гаргасан.

Авто зам засварын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банк олгох ёстой байсан ч шаардлагатай хөрөнгө гацсан. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэхээр Сангийн яаманд хандсан нь үр дүнд хүрч  энэ асуудал шийдэгдэх гэж буйд баяртай байна. Зам тээврийн яам идэвх зүтгэл гарган хамтарч ажилласныг онцлон хэлмээр байна ” гэв.

Энэхүү уулзалтад Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв нар болон “Бэеринг” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Г.Баярсайхан, “Жи Пи Ар” ХХК-ийн ерөнхий инженер Д.Нарантулга, “Дархан АЗЗА” ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч “Зэст хүлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр нарын төлөөллүүд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.