sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлэг Уул уурхай, эрчим хүчний сайдаар Р.Жигжид, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нарыг томилуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлэнгүүт тав хоногийн завсарлага авснаар Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар бүрэлдэх эсэх нь эргэлзээтэй болж эхлэв.

Яг сарын дараа 2015 оны Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэн баталсан байх ёстой. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бол УИх өөрөө хуулийн дагуу тарах ёстой. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцав.

-Төр засгийн ажлыг гацаахгүй гэж ярьдаг МАН шинэ сайд нарын то­милгооны асуудалтай хол­богдуулан тав хоногийн завсарлага авчихлаа. Хувь гишүүний зүгээс Мон­голын төрийн тас­ралт­гүй, байнгын ажил­лагаа тасалдаж байгаа энэ үйлдэлд ямар дүгнэлт хийж байна?

-Бид АН-аас хариуцлага нэхэж энэ зайлшгүй ажиллагааг хийж байгаа юм. Шинэ сайд нарын нэрсийг оруулж ирж бай­гаа үндэслэл нь хууль зөрчсөн, маш их зөрчил­тэй. Тэднийхээр бол Н.Алтанхуягийн танхимын 16 сайд урьд өмнө бай­гаагүй, гайхалтай сайн ажил­ласан бололтой юм. Одоо жишээ нь Н.Батбаяр шиг бүтээн байгуулагч, үлгэрийн гэмээр сайд бай­гаагүй юм шиг байна л даа.

Гэтэл тэр сүрхий сайд нараа гэнэтхэн халж, хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд хүргэх гэж байгаа тайлбар, үндэслэл нь Монголын төрийг дором­жилж байна. Нөгөө талд цомхон, уян хатан, шуурхай ажиллах Засгийн газар хэрэгтэй гэсэн ха­туу шүүмжлэл нийгэмд байгаа.

Та бүхэн Ерөнхий сай­дын халагдаж байгаа сайд нарынхаа талаар хэлсэн магтаал, зулгуй үгийг сонсоц­гоосон л байх. Мон­голын төрөөр ингэж тог­лож, самарч болохгүй. Ер нь байдал энэ чи­гээрээ яваад байвал Н.Алтанхуяг сайдад ч ха­риуцлага тоо­цох ёстой.

-Та Сангийн сайд Ч.Улааны талаар хэлсэн үгийг нь жишээ болгож байна уу?
 

-Тэгж байна. Сангийн сай­дыг өөрчлөх үндэслэл нь тодор­хой бус, логикийн зөрчил­тэй ихээхэн зөрчилтэй байгаа юм. Жишээ нь Ч.Улаан нь Монголын төрд бүтээсэн юмтай, давтагдашгүй түүхтэй юм байна л даа. Гэтэл яагаад Монголын түүхэнд давтагдахгүй хү­мүүсийг чөлөөлөөд байна вэ. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Дөнгөж саяхан Монгол Улсын төсвийг өргөн бариад байгаа хүнийг чөлөөлөх гэж байна.

Улс төрийн бялуугаа хуваагаад, хоёрдугаар ээлжийг хоолонд оруулах гээд байна уу. Байнгын хороо нь ч гэсэн манжилсан үг хэлээд л. Ойлгомжгүй байдлаа Монгол Улсын Ерөнхий сайд хариуцах ёстой. Төрийн алба авлигад автлаа. Монголын эдийн зас­гийг унагааж, төрийн бай­гуулалтыг самарлаа. Сайд хүн хариуцлагын дагуу л чөлөөлөгддөг болохоос бус өөр үндэслэл байдаггүй юм.

Улс төрийн панз хэрээс хэтэрлээ. Саяхан л Л.Болд сайдыг хоёр хөршийн харилцаанд шинэ шат авчирсан гээд магтаад байсан. Гэтэл өнөөдөр хөөгөөд явуулж байна. Энэ монголын төр ер нь юу болоод байна аа. Үндсэндээ монголын төр хамгийн том авлигач болчихлоо. Мэргэшсэн, мэргжлийн гэдэг ойлголт ор үндэсгүй устаж, төрийн албан тушаалыг наймаалцал, авлига хээл хахуулиар л шийддэг болчихлоо шүү дээ. Энэ байдлаар удвал Монгол Улс сүйрлийн ирмэгт очиход тун ойрхон боллоо.

-Монголын төр ийм байдалд хүрсэн нь АН, МАН гэсэн хоёрхон нам ээлжлэн төрийн эрх барьж, эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтын төлөө эрээ цээргүй наймаалцал хийсээр ирсний гай балаг гарч байна гэж танд бодогдохгүй байна уу?
 
-Яах аргагүй намыг тахин шүтэж, намын гишүүн гэдэг хамгийн том мэргэжил гарч ирсэн нь өнөөдрийн бүх булхай луйвар, муу муухай бүхний үндэс гэдэгтэй санал нэг байна. Эрх баригч намын жирийн нэг гишүүн өнөөдөр уурхайчин байсан бол маргааш нь хуульч болно, харин нөгөөдөр нь алгуурхан төрийн сэнтий рүү авирч эхэлнэ. Гол үндэслэл нь ердөө л намын үнэнч гишүүн, дуулгавартай гүйцэтгэгч байх болчихоод байна.

Яг ийм байдлаар Монголын төрийг самарч, сүйрүүлж дуусгах нь. Харин нөгөө талд ард түмний амьжиргаа, эдийн засгийн бүх үзүүлэлтүүд “0” зааж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт зогсоо чөлөөгүй буцан гарч байна. Уурхайнууд ажиллаж байгаа юм байхгүй шахуу болж байна. Үнэ тасралтгүй өсч байна. Төгрөгийн ханш 40 гаруй хувиар суларчихлаа.

-Гэхдээ л та бүхэн УИХ-аас тав хоногийн завсарлага авч байгаа нь нэг төрлийн бойкот хийж, төрийн ажлыг гацааж байгаа хэрэг биш үү?
 
-Энд ямар ч бойкот байхгүй. Зөвхөн хариуцлагын асуудал явж байна гэж хэлсэн шүү дээ. Сайд нарынхаа асуудлыг багцаар нь оруулж ирэх ёстой. Уван цуван оруулж ирж байгаа нь цаана нь томоохон наймаалцал явж байгаагийн нотолгоо шүү дээ. Наймаалцал нь тохирсон нөхрийг оруулж ирээд, тохиролцож чадаагүйд нь “За чи байж бай” гэж хэлж байгаа нь тодорхой байна.

Монголын төрийг ингэж эзэн­гүйдүүлж, ард түмнийг доромжилж болохгүй. Уг нь Засгийн газрын бүтэц орсон л бол сайд нар нь даган орж, чөлөөлөгдсөн бол мөн л дараагийнх нь дагаад орж байх ёстой юм. Өнөөдөр үхрийн баас шиг цувраад байгаа нь АН дотор ямар том наймаа, эрх ашгийн хуваарилалт явагдаж түүнийгээ шийдэж чадахгүй гацаанд орчихоод байгаагийн хамгийн илэрхий нотолгоо болж байна.

Яг өнөөд­рийн байдлаар Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн төрийн ордноор дүүрэн улстөрийн хор найруулалт, шантааж, эрээ цээргүй наймаалцал явагдаж байна. Сүүлийн үед бүр хар зах дээр байгаа юм шиг панз наймаа хийлцэж байгаа. Одоо АН-ын гишүүдийн өрөөнд “Сайдын суудалд дэмжлэг үзүүлбэл чи хэдийг өгөх юм, дараа нь чиний хүнд тийм албан тушаал өгөе өгье” гэж улайм цайм наймаалцаж байгаа нь үнэн шүү дээ.

-Та Ерөнхий сайдтай ха­риуцлага тооцох тухай цухас дурьдлаа. Ямар хариуцлага тооцож болох вэ?
 

-Монголын эдийн засаг, төрт ёсыг самарч элгээр нь хэвтүүлсэн энэ Н.Алтанхуяг гэдэг хүнийг Монголын төрөөс даруйхан зайлуулах ёстой. Тэгэхээр бид энэ асуудлыг даруйхан шийдэх талаар намын бүлэгт шаардлага тавьж байгаа, яаралтай оруулна. Өөр арга байхгүй. Н.Алтанхуягийг огцруулбал Монгол Улс арай жаахан цэвэршиж магадгүй.

-Хуулиараа яг сарын дараа Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг баталсан байх ёстой. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бол УИХ өөрөө тарах хуультай. Засгаа байгуулж чадахгүй байж төсвийн төслөө баталж амжих уу?

-Энэ асуултыг бидэнд биш тэр Н.Алтанхуягт очиж тавьсан нь зохимжтой. Хуу­лийн хугацаанд Монгол Улсын төсвийн төслийг баталж чадаагүй бол УИХ өөрөө тардаг хуулийг эд нар өөрсдөө хүчингүй болгосон шүү.

Одоо бол дараа оны улсын төсвийг хуулийн хугацаанд батлахгүй ч байсан болдог болчихсон. Яагаад ингэж хүчин төгөлдөр хуулийг уландаа гишгэчиж монголын ард түмний амьдрал, ирээдүйгээр тохуурхаад байгааг эрх баригчдаас сайн асууж, нүүрийг нь улалзуулах ёстой. За даа, тэд нар бараг хариулж чадахгүй л дээ.

-Ер нь эрх баригчидтайгаа даруйхан учраа ололцож, өвлийн хүйтэн тачигнахаас өмнө улс орынхоо талаар дорвитойхон ярилцаж бо­лохгүй юу?
 
-Болохгүй байгаад л хэр­гийн учир байгаа юм. Сүүлийн 24 жилийн доторх хамгийн нүсэр том, хүнд сурталтай засаг онхолдож байгаа болохоор хор уршиг нь ч ийм их гай чирж байна.

Хамгийн их мөнгийг хамгийн үр ашиггүй үрэн таран хийж, эдийн засгийг сүйрүүлсэн Н.Батбаяр, Ч.Улаан, Д.Ганхуяг зэрэг сайд нар нь ямар ч зэмлэл шийт­гэл хүлэсэн юмгүй гавьяа байгуулчихсан аятай малилзаад л сууж байна.

-Эдийн засгийн хямрал өнөөдөр улстөрийн хямрал болчихлоо. Одоо ер нь яах вэ?

-Энэ бохир улстөрчдийг давын өмнө зайлуулах хэрэгтэй. Намын төлөө амиа тавьдаг, эвсэж бүлэглэдэг өнөөдрийн хатуу тогтолцоог ч эргэж харах ёстой. Ерөнхийдөө монголын улстөрд их цэвэрлэгээ хэрэгтэй болжээ.

-Жишээ нь та хэрэгтэй гэж үзвэл УИХ-ын гишүүнээс татгалзах, улстөрчийн хувьд хариуцлага хүлээх эр зориг байгаа юу?

-Байлгүй яах вэ. Өнөөдрийн энэ хүндрэл бэрхшээл, бохир заваан улстөрийг бий болгосон УИХ тарах ёстой. Миний л хувьд энэ суудалтай үхэн хатан зууралдаад байх сонирхол байхгүй.

Эцсийн эцст Засгийн газар, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж чадаагүй УИХ-ын буруу энд их бий. Монголын ард түмний тэвчээр барагдаж байгаа шүү. Тийм болохоор энэ УИХ өөрөө тарж, дахин сонгууль явуулан улстөрд шинэ, эрч хүчтэй үнэнч шударга хүмүүсийг олноор нь оруулж ирэх ёстой. Би ингэж л бодож байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: