sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн н.Алтай, ахлах инженер н.Даваажав, Монгол Шевро ХХК-ийн захирал Ц.Түмэн-Өлзий нар оролцов.

Иргэний хөдөлгөөн, олон нийтийн зүгээс Туул голыг хамгаалах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хаягласан өргөдөл, хүсэлт ихээр ирдэг билээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр МАШҮХ-ны удирдлагуудтай уулзсан юм. Уулзалтын үеэр Туул голын бохирдол болон арьс ширний үйлдвэрүүдээс гарсан бохир усыг цэвэрлэх “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж, нийслэлээс гарган шинэ байрлалд суурьшлын бүс үүсгэх талаар ярилцаж санал солилцов.

Дараа нь арьс ширний үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож буй МАШҮХ-ны гишүүн “Хос аз” ХХК-ийн гутлын үйлдвэр, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.

Уулзалтын үр дүнд Туул голыг бохирдлоос хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд, олон нийт, иргэний хөдөлгөөнийхнийг оролцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд энэ оны арваннэгдүгээр сард нээлттэй хэлэлцүүлэг хийхээр тохиролцлоо.